УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт энэ сарын 24-нд улс даяар явагдаж, сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. Дүнгээр 76 суудлын 62-ыг нь МАН, 11-ыг нь АН, нэгийг "Зөв хүн электорат" эвсэл, нэгийг нь "Та бидний эвсэл", нэг суудлыг бие даагч авав. /Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу/

Тэгвэл одоо УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 74.4-т зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Улмаар Ерөнхийлөгч санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор зарлиг гаргаж, шинэ парламентын анхны чуулганыг зарлан хуралдуулна.

УИХ-ын тухай хуульд зааснаар анхдугаар чуулганыг дараах байдлаар зарлан хуралдуулна.


УИХ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйл. Анхдугаар чуулган

14.1. Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж хуралдуулна.

14.2. Ерөнхийлөгч энэ хуулийн 14.1-д заасны дагуу зарлиг гаргахдаа анхдугаар чуулган нээх өдрийг Улсын Их Хуралд суудал авсан намуудтай зөвшилцсөн байна.

14.3. Анхдугаар чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

14.3.1. шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх;

14.3.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох;

14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох;

14.3.4. Ерөнхий сайдыг томилох;

14.3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах;

14.3.6. Засгийн газрын гишүүдийг томилох.

14.3.7.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх.

14.4. Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.

14.5. Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.