Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд хүүхэд, багачуудын гар зургийн болон захидлын үзэсгэлэн дэлгэгдлээ. Энэхүү үзэсгэлэнг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж, хүүхэд багачуудад баяр хүргэлээ.

Үзэсгэлэнд тавигдсан хүүхдүүдийн бүтээлүүд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Сайн хөршүүд” Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Сургуулийн нийгмийн ажилтнуудын нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяны хүрээнд цугласан юм.

Энэхүү аян 2018 оны тавдугаар сарын 15-25-ны өдрийг хүртэл үргэлжилсэн бөгөөд улс даяарх 180 гаруй ЕБС-д суралцаж байгаа 6-18 насны хүүхдүүдээс 10516 захидал, 1268 гар зураг ирснээс Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд өчигдөр зураг, захидал нийлсэн 100 орчим бүтээлийг дэлгэн танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үзэсгэлэнг үзэх үеэр багачууд өөрсдийн захидал, гар зургийг тайлбарлаж, бүтээлээрээ дамжуулан улс орныхоо ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө бүтээлч санал, санаачилга, хүсэл мөрөөдөл, үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн гэдгээ хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд, багачуудад Хүүхдийн баярын мэнд хүргээд “Хүүхдүүд та бүхэн Монгол Улсын хүн амын 34 хувийг эзэлдэг. Тиймээс ч хүүхэд, багачуудын эрхийг хамгаалах тусгайлсан хууль байдаг юм. Энэ хуулийг илүү сайн хэрэгждэг болгох, хүүхдүүд та бүхний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах, дуу хоолойг чинь сонсох асуудалд бид илүү их анхаарлаа хандуулах ёстой” учраас “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяныг зохион байгуулсан талаар хүүхдүүдэд ярьж өгсөн юм.

Аяны хүрээнд нийт 11784 захидал, гар зураг ирснээс давхардсан утгаараа:

  • 5 хувь нь тусламж, дэмжлэг хүссэн
  • 20 хувь нь сургууль, орон нутгийнхаа хөгжил, тохижилтын асуудлыг хөндсөн
  • 25 хувь нь хүсэл мөрөөдлөө илэрхийлсэн
  • 15 хувь нь хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлыг хөндсөн
  • 20 хувь нь хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг
  • 20 хувь нь улс орны хөгжилд нэмэр болохуйц шинэ санаа, санаачилга дэвшүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэсгэлэн үзэж дууссаны дараа хүүхдүүдтэй хамт дурсгалын зураг татуулж, үзэсгэлэнд оролцсон хүүхдүүдэд Хүүхдийн баярын бэлэг гардуулж, сайн сайхан ирээдүйг хүсэн ерөөв.