УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхлэх товтой.

Өчигдөр мөн 10.00 цагт хуралдах байсан ч гишүүдийн ирц 49.3 хувьтай байсан учир хуралдаан цуцлагдсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга М.Энхболд намуудын бүлгийн дарга, байнгын хорооны дарга нарт өнөөдрийн хуралдаанд гишүүдийн ирцийг бүрдүүлж ирэхийг даалгасан.

Чуулганы нэгдсэн хуралдааны хуваарийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанд хаалттай мэдээлэл хийх товтой байна.

12 дугаар сарын 14-ний Баасан гарагт 10.00 цагаас:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэл /Хаалттай/;
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.

Мөн өчигдрийн болон өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагуудын чуулганы хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хуралдаагүй, хэлэлцэх асуудлууд нь хойшлогдоод буй юм.