Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай зарлиг гаргасан юм.

Зарлигийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Монгол Улсын Шадар сайдын Стандартчиллын асуудал хариуцсан зөвлөх С.Янжинсүрэн, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр зэрэг холбогдох байгууллагын төлөөллүүдэд гардуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

“Та бүхэнд Үндэсний бичиг үсгийн баярын мэндийг дэвшүүлье. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2004 онд Чингис хааны иггээсэн Монгол төрийн бичиг хэрэглэсний 800 жилийн ойг тэмдэглэж эхэлснээс хойш Монгол Улс 15 дахь жилдээ Үндэсний бичиг үсгийн баярыг жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагт тэмдэглэж байна.

Өнөө жил Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг гаргасныг зарим байгууллагад гардуулан өглөө.

Монгол хэл нь монгол хүний оюун сэтгэлгээг бүрэлдүүлж, монгол соёл, монгол хүнийг бүтээдэг бол монгол бичиг нь монгол хэл, сэтгэлгээ, соёл иргэншлийн аюулгүй байдлыг хадгалан батжуулагч болдог. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн хэмээгээд монгол хэл, бичгийн соёлоо хамгаалан хөгжүүлж, уламжлалт монгол бичгийн сургалт, хэрэглээг нэмэгдүүлнэ” гэж заасан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Батттулга 2017-2021 онд хэрэгжүүлэх Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө “Даяаршил, технологийн хурдацтай хөгжлийн эрин үед үндэснийхээ түүхэн уламжлал, хэл, соёлын дархлааг хамгаалах” заалт тусгасан.

Сүүлийн үед нийгмийн сүлжээнд олон нийтийг хамарсан, төр засгийн байгууллагуудын анхаарлыг шаардсан сэдэв бол монгол бичгийн юникод буюу олон улсын стандарт кодчиллын асуудал боллоо. Манай улс монгол бичгийн цахим хэрэглээний үндэсний стандарт “Монголжин бичгийн кодыг хэрэглэх дүрэм”-ийг 2000 онд баталснаас хойш төрийн холбогдох байгууллагууд анхаарал хандуулж, ямар нэгэн шинэчлэн хөгжүүлэх, засаж сайжруулах ажлыг хийгээгүй өдийг хүрснээс Монгол Улсын үндэсний стандарт хоцрогдож, одоогийн олон улсын кодчиллоос зөрүүтэй, алдаатай болсон байна.

Уг асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтэд анализ хийж үзэхэд хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байна. Хууль мөрдөгдөж эхлээд 3 жилийн хугацаа өнгөрөхөд хуулиар үүрэг хүлээсэн байгууллагууд үүрэгт ажлаа хийж эхлүүлээгүй, тэр байтугай өөрийн үүрэг хүлээсэн заалтаа ч мэдэхгүй хэмжээнд байгаа нь харамсалтай.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол хэлний тухай хуулийн 9.1.3 дахь заалтаар хүлээсэн “Монгол хэл, бичиг үсгээ хэрэглэх, эзэмших, хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр зарлиг гаргах, төрийн холбогдох байгууллагад чиглэл өгөх” эрх үүргийнхээ хүрээнд Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар зарим байгууллагуудад дараах үүрэг чиглэл өгсөн зарлигийг гаргасан юм.

1 дүгээрт: Монгол хэлний тухай хуулиар Мэдээлэл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь цахим орчинд монгол хэл, бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх; Эрх бүхий судалгааны байгууллага буюу ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэн нь монгол хэл, бичгийн зөв бичих дүрэм, хэрэглээтэй холбоотой стандартыг боловсруулж, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6.5-д заасны дагуу батлуулах үүрэг хүлээсэн. Эдгээр байгууллагыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, монгол бичгийн цахим кодын асуудлыг үндэсний хэмжээнд шуурхай шийдвэрлэж батлуулах, 2000 оноос хойш өдийг хүртэл анхааралгүй орхисон шиг орхилгүйгээр цаашид хөгжүүлэлтийг хариуцахыг чиглэл болгосон. Үндэсний стандартыг батлах болон олон улсын стандартад санал өгч оролцох нь Стандартчилал, хэмжилзүйн газрын хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд стандартын асуудал нь Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг тул уг асуудлыг анхааралдаа авч, эцэслэн шийдвэрлэхийг даалгаж байгаа юм.

2 дугаарт: 2025 оноос төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан бичгээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахын үндсэн бэлтгэл нь монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх гээд хуульд заасан атал хууль мөрдөгдөж эхлээд 3 жил болоход Боловсролын яам уг хөтөлбөрийг боловсруулж батлаагүй байна. Тиймээс 2018 онд багтаан монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийг боловсруулан баталж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол бичгээр уншиж, бичих бол мэдлэгээс хэтрэхгүй. Орчин цагт монгол бичгийн хэрэглээ цахим орчинд суурилна. Тиймээс цахим орчинд монгол бичгийг ашиглах, бичвэр боловсруулах бүрэн чадамжийг бүх шатны боловсролын хөтөлбөрөөр эзэмшдэг байх зайлшгүй шаардлагатай. Иргэд, багш нар, эрдэмтэн судлаачдаас хамгийн ихээр гарч буй санал бол элсэлийн шалгалтад заавал авч буй монгол хэл, бичгийн шалгалтад босго оноо тогтоох асуудал юм. Босго оноо тавихгүй юм бол шалгалт авч иргэдийн татварын мөнгө, олон багш, ажилтны хүч хөдөлмөрийг үргүй зарахын хэрэг байхгүй. Монгол бичгийн улсын олимпиад нэртэй олимпиадууд байгаа нь үнэндээ нэг сургууль, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагын хэмжээнээс хэтрэхгүй байна. Энэ хэрээр монгол  хэл, бичгийн үнэлэмж унаж байна. Иймд элсэлтийн шалгалтад босго оноо тогтоох, төрөөс улсын олимпиад албан ёсоор зохион байгуулах, багш нарыг үнэлж урамшуулах нь эх хэл, үндэсний бичгийн үнэлэмжийг сэргээж, сурагчдад эх оронч хүмүүжил олгохын эхлэл байх учиртай. Яамны эрхзүйн байдлын тухай хуулиар “Ерөнхийлөгчийн зарлиг шийдвэрийн биелэлтийг хангах, сайдын эрхлэх асуудлын хүрээний чиглэлээр Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллах”-ыг заасан байдаг тул Боловсролын яаманд эдгээр ажлыг хэрэгжүүлэхийг үүрэг болгож байна.

3 дугаарт: Хэрэглээгүй юм устаж доройтдог. Албан байгууллага, аж ахуйн нэгж, барилга байгууламж, гудамж, талбайн нэр хаяг, бүтээгдэхүүний шошго, бэлгэ тэмдэг, зар сурталчилгаа зэргийг үндэсний бичгээр бичиж хэвшүүлэх гэдэг бол хэрэглээ. Хэрэглээг бий болгох ажлаа хуулийн дагуу бүх шатны Засаг дарга нар хэрэгжүүлэхийг уриалж байгаа.

Эцсийн дүндээ уг зарлиг нь Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлж, Монгол Улсын иргэний – үндэсний бичгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх хуулиар олгогдсон эрх, боломж, нөхцөлийг хангах төрийн үүргийг биелүүлэх үүднээс; 2025 оноос төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан бичгээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангахад чиглэгдэж байгаа юм.

Энэ ташрамд өнөөдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн цахим хуудасны монгол бичгийн хувилбар шинээр нээгдэж байгааг Та бүхэнд дуулгая.

Монгол хэл бичиг, түүх соёл улам дэлгэрэн батжиж, мөнх орших болтугай” гэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны цахим хуудас болох www.president.mn сайтын монгол бичгийн хувилбар https://president.mn/mng/ өнөөдрөөс эхлэн шинэчлэгдсэн гэдгийг дурдаад төрийн албаны цахим хуудас мэдээ, мэдээллээ давхар монгол бичгээр хөтлөн явуулж байхыг уриалав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай зарлиг:

Монгол бичиг бол монгол үндэстний оюуны соёлын үнэтэй бөгөөд бахархалт өв, монгол хэл, сэтгэлгээ, соёл иргэншлийн аюулгүй байдлыг хадгалан батжуулагч мөн гэж үзэж; Монгол Улсын иргэний үндэсний бичгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх хуулиар олгогдсон эрх, боломж, нөхцөлийг хангах төрийн үүргийг биелүүлэх, Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс; 2025 оноос төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан бичгээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангахыг удирдлага болгон, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор,

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.1.6, 3.1.4.2, Монгол хэлний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

  1. Монгол бичгийн цахим кодыг хэрэглэх үндэсний стандартыг холбогдох мэргэжилтнүүдийн саналыг тусган шуурхай боловсруулж, хуульд заасны дагуу батлуулах, цаашид хөгжүүлэн тогтвортой байдлыг хангаж, цахим орчинд үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх талаар бодлого, төлөвлөгөө гарган ажиллахыг Мэдээлэл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон Монгол хэлний тухай хуулиар үүрэг хүлээсэн эрх бүхий судалгааны байгууллагад; үндэсний стандартыг боловсруулах ажилд хяналт тавьж, боловсруулсан стандартыг судалж батлах, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, монгол бичгийн цахим кодчиллын олон улсын стандартад үндэсний стандартыг хэлэлцүүлэх, батлуулах ажлыг зохион байгуулахыг Стандартчилал, тохирлын үнэлгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон Монгол Улсын Шадар сайдад чиглэл болгосугай.
  2. Монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийг боловсруулан баталж, 2018 онд багтаан хэрэгжүүлж эхлэх; бүх шатны боловсролын сургалтын байгууллагын суралцагч хичээлийн хөтөлбөрөөр монгол хэл, бичгийн хичээлийг судлахдаа цахим орчинд монгол бичгийг ашиглах, бичвэр боловсруулах бүрэн чадамжтай болж төгсдөг байх; монгол бичгийн хичээлээр улсын төрөлжсөн олимпиадыг зохион байгуулж хэвших; элсэлтийн ерөнхий шалгалт өгөх иргэнээс заавал авах монгол хэл, бичгийн шалгалтад босго оноо тогтоох; монгол хэл, бичгийн хичээлийг үр бүтээлтэй заан сургаж, амжилт гаргаж буй багш нарыг урамшуулж ажиллахыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад үүрэг болгосугай.
  3. Албан байгууллага, аж ахуйн нэгж, барилга байгууламж, гудамж, талбайн нэр хаяг, бүтээгдэхүүний шошго, бэлгэ тэмдэг, зар сурталчилгаа зэргийг үндэсний бичгээр бичиж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах; үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлж, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн уг үйл ажиллагаа, аливаа идэвх санаачилгыг хөхиүлэн дэмжиж, урамшуулж ажиллахыг бүх шатны Засаг дарга нар, холбогдох төрийн байгууллагуудад чиглэл болгосугай.
  4. Энэхүү зарлигт дурдсан ажлуудад болон монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар идэвх санаачилга гарган ажиллахыг иргэд олон нийт, эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны ба хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн ба төрийн бус байгууллагуудад уриалсугай.