Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Түүний хэлсэн үгээс онцлох 10 эшлэлийг хүргэж байна.

Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга:

1. Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн мэдээлснээс үзэхэд манай улсад одоогоор 10 мянган хүн ажлын байраа алдаад байна. Энэ бол 10 мянган өрх, 40 орчим мянган хүн орлогогүй боллоо гэсэн том дохио юм!

Энэ цар тахал, даяар хямрал Монголыг тойрохгүй, дайрах нь маш тодорхой болж байна. 


2. Бодит байдлыг үнэлдэг улс орнууд энэхүү цар тахлыг давагдашгүй хүчин зүйл биш дайны үеийн нөхцөл байдалд ирлээ хэмээн тодорхойлж, нийгэм эдийн засгаа бэлдэж байна. Ийнхүү хямрал хаалга татаж байхад манай улс төрийн нам, хүчнүүд том мөнгөн дүнтэй амлалтыг хууль зөрчин өгөх боллоо. Энэ нь цаг үеэ мэдрэхгүй байгаагийн баттай жишээ мөн.


3.Иймээс хэд хэдэн арга хэмжээ авахыг уриалж байна.  Үүнд улсын төсөвт тодотгол хийж, тэвчиж болох бүх зардлыг танах, иргэдийн орлого ажлын байрыг хамгаалах, эрүүл мэндийн тогтолцоогоо нураачихгүй шиг байлгахад арга хэмжээгээ чиглүүлмээр байна.


4.Төсөвт тодотгохоос татгалзах боломж сэтгэл зүйн хувьд ч, хууль эрх зүйн хувьд ч байхгүй. Улсын төсвийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг зарцуулах тухай ярьж байгаа бол төсвийг тодотгохоос өөр арга зам алга. Цар тахлыг түр зуурын зүйл хэмээн үзэж ард иргэдийн эрх ашгийг хойш тавих нь үндэстнийхээ эрх ашгаас урвасан хэрэг юм.Сонгуулийн санхүүжилтээ босгох өчүүхэн эрх ашгийг ард түмний эрүүл мэнд, бүтэн амьдралаас дээгүүр тавьж хэрхэвч болохгүйг анхааруулж байна. 


5. УИХ-ын сонгуулиа явуулах гэж муйхарлах нь өндөр эрсдэлтэй. Олноороо цуглах нь цар тахлыг хяналтаас гаргах аюултайг улс төрийн намуудад хатуу анхааруулж байна. Цаашлаад сонгуулийн ирц ч хүрэхгүй байх магадлалтай. Цаашлаад өнөөгийн нөхцөл байдал нь улс төрийн намууд тэгш оролцоотой байх боломжийг хумина. Энэ нь эргээд ард түмний бухимдлыг өдөөж нийгмийн эмх замбараагүй байдалд ч хүргэх эрсдэлтэй. Бидэнд 5 иргэний амийг алдахад хүрсэн гашуун туршлага ч бий. Тиймээс сонгуулийг хойшлуулах хамгийн эрүүл ухаалаг шийдвэр байх болно.


6. Сонгууль хойшлуулвал дарангуйлал тогтох нь гэх сүржин таамаглал үзэж байгаа улс төрийн хүчнүүдэд хэлэхэд Үндсэн хууль бусад хууль тогтоомжийг сайтар уншихийг энэ индэр дээрээс зөвлөж байна. Учир нь Монголын хууль эрх зүйн актуудад заасан байгаа.


7.Нийт 15 нам, 4 эвслийн аудитын байгууллагад дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдийн зарим заалт нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон зургаан заалтыг илт зөрчсөн байна. Энэ нь намууд сонгогчдын саналыг тооцоо судалгаагүй ямар ч хамаагүй аргаар татах, ард нийтийг басамжлан доромжилсон үйлдэл боллоо.


8.Улсын Их Хурлын гишүүн, сайд асан Б. Батзоригийн жишгээр иргэний болон улс төрийн зориг гаргаж, УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаасаа татгалзан шалгуулах шаардлагыг хаврын чуулганы нээлтийн үеэр энэ танхимд олноор сууж байгаа гишүүдэд хандан хэлье. Энэ бол шударга ёсыг сахиулах хууль баталдаг танхим. Шударга ёс эндээс эх авч байх ёстой. Та бүхэн иргэдэд шударга байх амлалт өгч сонгогдсон, хууль сахих тангараг өргөсөн учраас шударга ёсыг өөрсдөөсөө хожимдсон ч гэсэн хэрэгжүүлж, ард иргэд, сонгогчдод итгэл найдвар, үлгэр дуурайл болох ёстой гэдгийг энэ индэр дээрээс хэлье.


9.Одоогоор зарлаад байгаа зээл хойшлуулах, ажлын байранд татаас өгөх шийдвэрүүд амьдрал дээр үл ойлголцол үүсгэж, бухимдлыг өдөөж байгааг анхааралдаа авна биз ээ. Иргэд төр, хувийн хэвшлийн алинд ажиллаж байгаагаас үл хамааруулан цалин, орлогыг нь Төр хамгаалах, тогтвортой байлгах бүхий л бололцоог эрэлхийлэх хэрэгтэй байна. Боломж байгаа, боломжийг бий болгох ч ёстой. Энэ бол УИХ-ын хэнтэй ч хуваалцах ёсгүй үүрэг юм.


10. Нэг ч монгол хүн аюулт тахалд амиа алдах ёсгүй, үүний төлөө үндэстнээрээ нэгдэн нягтрах, эв санааны хүчээр даван туулах цаг бидний өмнө тулгаран ирлээ. Эрүүл саруул байхад бусад бүх зүйл бүтэх, дэвших хөгжихийн үндэс бидэнд бий.