Шинэ коронавирусийн халдвар дэлхийн хэмжээнд цар тахалд хүрсэнтэй холбоотойгоор манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх зургадугаар сард болох УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах санал гаргаад буй. Уг асуудлаар иргэдээс санал асуулга авч эхэлсэн. /Энд дарж саналаа өгнө үү./

Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны гишүүдтэй уулзжээ.

Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан СЕХ-ны гишүүдийг сая хүлээж авч уулзаж, үүрэг өглөө. СЕХ 2020 оны сонгуулийн бэлтгэл ажлыг хийж байна, ажлын дийлэнхийг цахим хэлбэрт шилжүүлсэн. 

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчө СЕХ, түүний гишүүдэд дараах үүргүүдийг өглөө.

1. Болзошгүй ажлын төлөвлөгөөг яаралтай хэлэлцэн батлах хэрэгтэй. 

2. Эрсдэлтэй энэ үед яаж ажиллах, юу шаардлагатай байгаа, ариутгал халдваргүйжүүлэлт ямар байх, санал авах байрны тоог нэмэгдүүлэх талаар судлаад эрх бүхий байгууллагуудад саналаа хүргүүл. Сонгогчдыг олноор цуглуулахгүй байх, сурталчилгааг яаж явуулах талаар Улсын онцгой комисс зэрэг холбогдох газруудын зөвлөмж, саналыг ав.

3. Эрсдэлтэй нөхцөл байдлаас шалтгаалж зардал яаж нэмэгдэхээр байна, тооцоо гарга" гэсэн чиглэл өглөө" хэмээн мэдээлэл хийлээ. 

Уг уулзалтад СЕХ-ны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцжээ.