БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйтай холбооотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд баярын цахилгаан илгээжээ. “KCNA” агентлагийн мэдээлснээр, түүнд Умард Солонгосын удирдагчийг Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урьсан байна.

“Манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа сүүлийн 70 жилийн хугацаанд янз бүрийн салбарт хүрээгээ тэллээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны ойг тохиолдуулан удирдагч Ким Жөн Ун Монгол Улсад албан ёсоор айлчилна гэдэгт найдаж байна. Энэ айлчлал нь хоёр орны харилцаанд түүхэн үйл явдал болно” гэж баярын цахилгаанд дурджээ.

БНАСАУ цөмийн зэвсэг болон баллистик пуужин туршихаа зогсоох шийдвэр гаргасны дараа он гарснаас хойш Солонгосын хойгийн асуудлаарх олон улсын яриа хэлцээний түгшүүртэй уур амьсгал харьцангуй намжсан юм. Тус улсын удирдагч Ким Жөн Ун Хятадын дарга Си Зиньпин, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай, мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай хоёр талын уулзалт хийсэн билээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг