УИХ-ын гишүүн, хуульч Б.Энхбаяр “ҮАБЗ-өөр шүүгч нарыг томилж, чөлөөлдгийг өөрчилнө. Шүүгчдийг улс төрчдийн нөлөөнд ордог байдлыг зохицуулахын тулд улстөрчид шүүгчтэй биечлэн уулзаж, утсаар ярьдгийг хязгаарлана” хэмээн өөрийн цахим хуудастаа “жиргэжээ”. 

Шүүхийн хуульд орж байгаа нэг чухал өөрчлөлт бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчийг, томилж чөлөөлдөг байдлыг өөрчлөх юм. Ерөнхийлөгч дуртай үедээ Ерөнхий шүүгчийг огцруулах асуудлыг ярих боломж олгосон хуулийн өөрчлөлт нь шүүхийн хараат бус байдалд халдаж байна гэсэн шүүмжлэл тухайн үедээ өрнөсөн ч өмнөх  УИХ-ын олонх уг өөрчлөлтийг баталж орхисон билээ. Одоо харин уг зөрчилтэй заалтыг эргэн харж, засварлах бололтой. 

УИХ-ын хуульч гишүүн Б.Энхбаяр энэ талаар сэтгүүлчдэд ярихдаа:

-Монгол Улсын Засгын газраас болон Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Шүүхийн багц хуульд ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийг түдгэлзүүлдэг, огцруулдаг байдлыг халъя гээд өөрсдөө УИХ-д өргөн барьсан байгаа. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын 13 гишүүн тэр дотроо миний бие санаачлаад шүүгчид мөн Ерөнхий прокурор, АТГ-ын дарга, удирдлагыг ҮАБЗ-ийн шийдвэрээр огцруулж, түдгэлзүүлдэгийг халъя гэсэн хуулийн төслийг ирэх долоо хоногт өргөн барих гэж байна. Энэ хуулийг намрын чуулганы эхэнд хэлэлцэж батална. Шүүх эрх мэдлийг хараат бус, бие даасан байлгах, үүрэг хариуцлагыг улс төрчид түүн дотроо шүүгчдийг томилж чөлөөлж байгаа эрх мэдэлтэй хүмүүс өөрсдөөсөө эхлэх ёстой. Тэгж байж өөрсдөө шүүхээс шударга ёсыг нэхэх учиртай гэлээ.

  Б.Энхбаяр гишүүн  ажлын хэсгийн ахлагчийн хувьд гишүүдтэйгээ зөвлөлдөж, олон асуудлыг оруулахаар төлөвлөж байгаа гэнэ.

“Тухайлбал, шүүгчдийг улс төрийн нөлөө бүхий этгээдүүдтэй утсаар ярих, биечлэн уулзах харилцааг хязгаарлана гэлээ. Уулзалт хийж байгаа тохиолдолд албан ёсны проткол буюу тэмдэглэлтэйгээр уулзахыг хуульчилна” хэмээн мэдэгдэв.