Үүссэн нөхцөл байдалд хариуцлага хүлээн огцорч буйгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр мэдэгдсэн. "Гарсан алдаанаас болж миний тэргүүлсэн кабинетийн хоёр гишүүн огцрох өргөдлөө өгсөн. Өөрөө ард үлдэх нь удирдагч хүний ёс биш. Иймд би хариуцлагаа ухамсарлаж, Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч буйгаа албан ёсоор мэдэгдэж байна" хэмээсэн юм.

Тэрээр мэдээллийнхээ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга асуудлыг улстөржүүлж байна гэдгийг онцолсон. Тодруулбал,

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Ард түмэн жагсаж буй энэ цаг үеийг далимдуулж улс төрийн үйл ажиллагаанууд явагдсан. 

Миний итгэж найдаж, хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмэн санаачлагаагаар зохион байгуулсан жагсаалыг улстөржүүлсэн. Миний итгэл найдвар үнэхээр алдарч байна. 

Цаашид ч Ерөнхийлөгч ийм үйл ажиллагаа төлөвлөж буйг би үгүйсгэхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмнийхээ аюулгүй байдлыг хамгаалж ажиллах үүрэгтэй. Харамсалтай нь энэ ажлаа хийж чадахгүй, улс төрийн оноо авах гэж зөвхөн өөрийнхөө сонгууль руу чиглэсэн үйл ажиллагааг удаа дараа хийж байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд би үзэж байна. Ерөнхийлөгчтэй гар нийлж ажилласан. Гэхдээ Ерөнхийлөгч хууль зөрчиж байгаа. Би УИХ-ын гишүүний индрээс мэдээлнэ" гэсэн юм.

Тэгвэл Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс Ерөнхий сайдтай холбоотойг нь онцолж байна.


Ерөнхийлөгч Х.Баттулга "Ерөнхий сайд У.Хүрэлсүх тааж, тааварлахын аргагүйгээр учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна. Монгол Улсын Ерөнхий сайд ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх, ийм үйлдэл яагаадд хийх болсон бэ. Үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдлийг яагаад хийх болоо вэ гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна. 

Улсынхаа төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас маань ийм үг, үйлдэл гарна гэж би санасангүй.

Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэлд би туйлын харамсалтай байна. УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүн бол У.Хүрэлсүхийн хувь хүний манлайлал, нэр хүндэд итгэж найдсан иргэдийн итгэсэн сонголт байсан. Цар тахлын энэ хүнд үед нийт иргэдийн итгэлийг хөсөрдүүлэх эрх энэ хүнд байхгүй. Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг огт дэмжихгүй байна" гэлээ.