АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний гэргий Меланья Трамп нар америкчуудад Зул сарын баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Тэдний дүрс бичлэгийг Цагаан ордны албан ёсны “Твиттер” хуудаст байршуулсан байна.

“Меланья бид хоёр бүх америкчуудад зул сарын баярын мэндийг чин сэтгэлээсээ хүргэж байна. Оны энэ өдөр христийн шашинтнууд Есүс Христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг. Хүмүүс ойр дотныхондоо хэрхэн тусалж, нийгэмлэгүүд тусламж хэрэгтэй байгаа хүмүүст хэрхэн дэмжлэг үзүүлж байгааг бид харж байна. Мөн энэ өдөр хүүхдүүд настай хүмүүст баяр баясгалан авчирч, тусламж хэрэгтэй нэгнээ америкчууд асран халамжилж байгааг бид харж байна” гэж Д.Трамп хэлжээ.

“Зул сарын энэ өдөр бид хилийн чанадад зүтгэж буй эрэлхэг зоригтой ард иргэдээ магтан сайшааж, эх орныхоо эрх чөлөөг хамгаалахад тус болдог цэргийнхний гэр бүлийнхэнд хайр энэрлээ үзүүлж, биднийг хамгаалж буй хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудад талархаж байна” хэмээн Меланья Трамп мэдэгдсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС