Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцохоор өнөө өглөө Токио хотыг зорилоо.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол Токио хотноо 2019 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд болж байгаа юм.

Энэхүү төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын байгууллага, Холбооны өндөр түвшний зочид төлөөлөгчид уригдаад буй.

Япон Улсын Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсоноор Монгол Улс манай чухал гуравдагч хөрш Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагаа нотлох юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.