“Ардчилсан оюутны холбоо”-ны залуус “Ам асууя” хөдөлгөөнийг эхлүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Тэд УИХ-д олонхийг бүрдүүлж буй МАН-ын мөрийн хөтөлбөрийн талаас илүү хувь нь огт биелээгүй гэж үзэж, асуулгын хариуг ирэх лхагва гарагт ирүүлэх шаардлагатай гэв.

Татвар нэмэхгүй, шатахууны үнийг тогтвортой барина, агаарын бохирдлыг бууруулна, оюутны дотуур байрны хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлнэ, үндэсний тэтгэлэгийг үргэлжлүүлэн олгоно, хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдана зэрэг амлалтууд нь өдгөө огт хэрэгжээгүй байгааг залуус эрх баригчдад сануулж байна. Түүнчлэн эрх баригчид, улстөрчид худал хуурмаг бүхнээр залуусын итгэлийг сэвтүүлж байгааг онцолсон юм.

“Ам асууя” хөдөлгөөний хүрээнд АОХ-ны залуус эрх баригчид төдийгүй ёс зүйгүй урлаг, соёл, нийгмийн зүтгэлтнүүд, бизнесмэнүүдээс амлалт нэхэх аж. Энэхүү хөдөлгөөн 2020 оны УИХ-ын сонгууль хүртэл үргэлжлэх бөгөөд 14 хоног тутам тодорхой сэдвийн хүрээнд арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.


Эх сурвалж: http://www.demparty.mn