Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллав. Тэрээр 21 аймаг, 26 хилийн боомтод үүрэг гүйцэтгэж буй 2200 албан хаагчдын төлөөлөлтэй  цахим  хурал хийж, цагийн үеийн мэдээлэл сонсч, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үүрэг даалгаврыг өглөө.

Энэ үеэр Ерөнхий сайд "Шинэ коронавирусын халдварын тархалтаас урьдчилан сэргийлж, хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд буй энэ үед та бүхний үүрэг нэн чухал. Хил, гааль боомтуудад ажиллаж байгаа албан хаагчид үүргээ сайтар биелүүлж байгаа учир Монгол Улсад халдвар гараагүй байна. Гэхдээ тайвширч болохгүй, бусад мэргэжлийн байгууллагын алба хаагчидтайгаа нягт хамтран ажиллаж, өвчнийг эрсдэлгүй давж гарах хэрэгтэй байна" гэв. 

Түүнчлэн иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, ажлыг уялдаа холбоотой явуулж, төрийн хяналтын үйл ажиллагааг хуулийн хүрээнд чамбайруулж, COVID-19 вирүсийг улсын хилээр орж ирэхгүй байх бүхий л арга хэмжээг шат шатандаа хэрэгжүүлж, албандаа эзний ёсоор мэргэжлийн ур чадвар гаргаж ажиллахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.