"Мөрөөрөө ажлаа хийж яваад амиа алдсан нөхрийг минь ажиллаж байсан компани нь ч, шүүх шинжилгээний газар "архичин" гэж дүгнэлт гаргачихсанд гомдолтой байна. Мөрдөн байцаалтын шатанд яваа боловч тодорхой зүйлүүд дээр буруу дүгнэлт гарч байгаа учир нааштай шийдэгдэнэ гэдэгт итгэхгүй" хэмээн мэдээлэл хийсэн хөгжлийн бэрхшээлтэй Б.Болороо хэмээх бүсгүй Сүхбаатарын талбайд суулт хийгээд 10 өдрийн нүүр үзэж буй.

Тэгвэл өнөөдөр /2019.11.12/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЦЕГ-ын дарга С.Баатаржавын хамт төв талбай дээр очиж, Б.Болороотой уулзжээ.

Ерөнхий сайд түүнтэй уулзаж энэхүү хэргийг анхааралдаа авсан гэдгийг дуулгасан байна. Мөн тэрээр уг асуудлаар өнөөдрийн дотор Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой уулзаж, үүрэг даалгавар өгнө, мөн өөрийн биеэр улсын Ерөнхий прокурортой уулзана УЕП-ын захирамжаар шинжээч томилно хэмээн хэлсэн байна.

ЦЕГ-ын дарга С.Баатаржав "Би өчигдөр нэвтрүүлэг үзлээ. Хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Албан байдлаар өгөх хариу удах байх. Ц.Нямдорж сайд энэ асуудлыг ойлгож анхааралдаа авсан" гэсэн юм. 

Иргэн Б.Болороо "10 хоног суухад төрийн олон албан хаагч уулзаж, янз бүрийн туслалцаа үзүүлнэ гэсэн ч алга болчихсон. Өнөөдөр гол шаардлага болох шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах асуудлыг хүлээн авч 3-5 хүний бүрэлдэхүүнтэй нарийн мэргэжлийн эмч нарын багаар хөндлөнгийн дүгнэлт гаргуулахаар боллоо. Гэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайд арга хэмжээ авч ажиллахгүй бол 15-наас эхлэн дахин суултаа эхлүүлэх болно" гэсэн юм.