НИТХ өчигдөр ээлжит бусаар хуралдаж, хотын даргаа сонголоо.

Тодруулбал, өнгөрсөн оны 12 дугаар сарын 10-нд С.Батболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалаа хүлээлгэн өгснөөс хойш өнөөдрийг хүртэл  хот албан ёсны даргагүй байлаа.

Өнгөрсөн 1 дүгээр сарын 16-нд НИТХ хуралдаж, олонхын саналаар хотын даргаар С.Мөнхчулууныг сонгосон. НИТХ-ын дарга С.Амарсайхан түүнтэй өрсөлдөж ч цөөнхийн санал авсан. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг хотын дарга болгохыг татгалзаж буйгаа бүтэн сарын дараа буюу энэ сарын 15-нд албан ёсоор мэдэгдсэн. 

Үүнтэй холбоотойгоор НИТХ өчигдөр хуралдсан. Хотын даргад мөн л С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар өрсөлдсөн. Зөвхөн Тооллогын комиссоо байгуулах гэж өдөржин хэлэлцэж, санал зөрөлдөж, 4 удаа завсарлага авсны эцэст 17.00 цагийн үед тооллогын комиссоо байгуулсан. Улмаар хотын даргыг сонгох саналыг нууцаар хураахад, санал өгсөн 44 төлөөлөгчийн 25 нь С.Амарсайханд, 19 нь С.Мөнхчулуунд саналаа өгсөн гэсэн дүн гарсан.

С.Амарсайхан олонхын саналаар хотын даргаар сонгогдсон учир Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын 5 өдөрт багтан түүнийг батламжлах журамтай. Ерөнхий сайд өмнө нь С.Мөнхчулууныг буцаасан учир дахин татгалзах эрхгүй юм.