Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас эрэн сурвалжилж байна.

"Түүний талаар өгөх мэдээлэлтэй хүн байвал 11327045 дугаарын утсанд холбогдож, цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллахыг хүсье" хэмээн ЦЕГ-ын албан ёсны сайтад нийтэлжээ.

Ч.Сайханбилэгийн эрэн сурвалжилж буй мэдээлэлд "Тэрээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн  албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн  хамтарсан ажлын хэсгээс эрүүгийн 1802001240165 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "тодорхой хүнтэй  уулзахыг хориглох" хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. 

Үүний дараа буюу 2019 оны 08 дугаар сард хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй дээрх ажлын хэсгийн мөрдөгч нарт мэдэгдэлгүйгээр Монгол Улсын хилээр гадагш зорчин, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан яллагдагчийн үүргийг зөрчсөн тул түүнийг эрэн сурвалжилж байна" гэжээ.