Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АТГ-аас өчигдөр орой прокурорын зөвшөөрлөөр таслан сэргийлэх арга хэмжээ авч, түр саатуулсан талаар эх сурвалж мэдээллээ. АТГ эхлээд байцааж байгаад Цагдан хорин 461 дүгээр анги руу ачсан байна. Түүнийг Дубайн гэрээтэй холбогдуулан ийнхүү шалгахаар болсон ажээ.

Ч.Сайханбилэгийг уг асуудалтай холбоотой мэдээлэг өгөхийг АТГ удаа дараа шаардсан байдаг. Тэрбээр эх орондоо ирэнгүүтээ уг асуудлаар байцаалт өгсөн байна. Тэрбээр өмнө нь "Надад хуулийн эрж хайх, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд болох оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, бусдыг дарамталсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэдэг ямар нэг зүйл байхгүй, цаашид ч гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" ил захидалдаа бичиж байсан билээ.

Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд асан С.Баярцогт, ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг батлахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль бусаар бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, 30 хоног цагдан хорихоор шүүхээс шийдвэрлэсэн билээ.