МОСКВА. /TASS/. Эрмитаж музей Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Санкт-Петербургт айлчлах үеэр монгол хэлний бичгийн дурсгал болох “Чингисийн чулууны бичиг”-ийн хуулбарыг бэлэглэнэ гэж тус музейн ерөнхий захирал Михаил Пиотровский мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.

“Эрмитажийн өдрүүдээр /12 дугаар сарын 7-9/ дэлхийн өнцөг булан бүрээс найз нөхөд маань хүрэлцэн ирдэг. Бид жилийнхээ ажлыг дүгнэж, Потанины сангаас тэтгэлэг олгохын зэрэгцээ алмааз эрдэнийн тэмдгийг гурван ахмад ажилтандаа гардуулна. Энэ жил бидний хувьд давхар үйл явдал тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайд айлчилна. Бид түүнд “Чингисийн чулууны бичиг”-ийн хуулбарыг бэлэглэнэ” гэж тэрбээр хэлсэн байна.

Монгол бичгээр бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгалын нэг “Чингисийн чулууны бичиг” гэрэлт хөшөө эдүгээ Санкт-Петербургийн Эрмитаж музейд хадгалагдаж буй юм. 

Гэрэлт хөшөөг 1224 он юм уу, эсвэл 1225 онд босгосон гэж судлаачид үздэг. Зарим үг хоёрдмол утгатай уншигддаг учраас чулуун дээрх бичээсийн агуулга одоог хүртэл маргаантай хэвээр байна. Орчин үеийн ихэнх эрдэмтдийн үзэж байгаагаар, уг гэрэлт хөшөөг Чингис хаан Хорезм улсыг байлдан эзлээд буцах замдаа хуралдай хурж тэр үед Хасарын хүү Есүнхэ 335 алд газар харвасны дурсгалд зориулжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг