Нийгмийн сэтгэлзүйн мэргэжилтнүүд эрх мэдлийн төлөө тэмцэгчдийг судлахын тулд “Удирдагчгүй хэсэг бүлэг дэх өргөн шүүмжлэлийн парадигма”-г аль эртнээс ашиглах болсон. 

Бид нэгнээ танихгүй хүмүүсийн нэг дор цуглуулж, сул ажлын орон тоонд хэд хэдэн хүний нэрийг сонгож дэвшүүлэх ажлыг хамтдаа гүйцэтгэн, хүсвэл мөнгө хуваарилах юм уу эзгүй цөл газарт долоо хоног амьдрахад шаардлагатай зүйлийн (гар чийдэн, толь, хутга, дашмаг) жагсаалт гаргахыг хүслээ. 

Гэхдээ гүйцэтгэх үүргийг нь хуваарилаагүй бас ямар ч зөвлөмж гаргаагүй. Тэд шүүн хэлэлцэх, шийдвэр гаргах арга барилын хувьд бүрэн эрх чөлөөтэй. Ингээд бид бүхий л үйл явцыг дүрс бичлэгээр буулгаж авав. 

Шийдвэр гаргах явцад оролцогчдын зарим нь маш хурдан эрх мэдэл байр суурийг олж авч байлаа. Бичлэгийг үзсэн ажиглагчид ердөө хэдхэн хормын дараа хэн нь эрх мэдэлтэй болж чадсан эсэхийг харж болно. 

Туршилтад оролцогчид бусдадаа үзүүлж чадах нөлөөнийхөө хэр хэмжээгээр маш хурдан хуваарилагдана. Хүмүүс бие биедээ харилцах явцад агшин зуур эрх мэдэл илрэн гарна. 

Хүүхдүүдийн дунд ч ийм зүйлийг олж харж болдог. 10-12 насны хөвгүүд зун зусланд явах үед ердөө ганцхан өдрийн дотор зарим нь эрх мэдэлтэй болж, тухайн хэсэг бүлгийнхээ хөдөлгөөний байдлыг тодорхойлж эхэлдэг. Хүүхдүүд цэцэрлэгт ороход зарим нэг таван настангууд бусдаасаа илүү нэр хүнд, нөлөөтэй болдог.39 Тэр ч байтугай хүүхдийн цэцэрлэгийн бага ангийн (бүлгийн) хоёр настай хүүхдүүдийн дотор ч гэсэн маш хурдан нөлөөтэй болж, бусдын анхаарлыг татаж, савлуур, дугуй зэрэг тоглоом, эд зүйлсийг хяналтдаа авч чаддаг. Удирдагчгүй хэсэг бүлэг доторх дээрх хэлэлцүүлгээс харахад эрх мэдэл цаг ямагт маш хурдан бий болдог ажээ. 

Хүмүүс өдөр тутмын эгэл жирийн үйлдлүүдийнхээ үр дүнд эрх мэдлийг олж авдаг байна. Тухайлбал асуудлын байж болох шийдлийг санал болгоно, санаа бодлоо түрүүлж илэрхийлнэ, гэнэтийн санаанд оромгүй таамаглал, бүтээлч уур амьсгалыг бүрдүүлсэн, дэмжсэн асуулт юм уу алиа хошин санаа оноогоороо бусдын дүрслэн бодохуйг дэмжиж урагшлуулдаг. Хүмүүсийг хооронд нь нэгтгэж, ач тус авчрах хамгийн эгэл жирийн үйлдлүүдийн тусламжтайгаар эрх мэдэл олддог. 

Энэ ертөнцөд бидний хийж байгаа өөрчлөлтүүд нь хэрэгтэй асуултыг олж тавих, үл таних хүмүүсийн урам зоригийг сэргээж, хооронд нь холбож өгөх, шинэ санаа дэвшүүлэх зэрэг жирийн улиг болсон зүйлүүдээс хамаардаг. Эрх мэдэл нь нийгмийн амьдралын өдөр тутмын зүйлүүдэд тун ч гайхмаар ойрхон байдаг. Тиймээс эрх мэдлийг хадгалж байхын тулд хүн нийгэмдээ, бусдад ач тустай ямар нэг зүйлийг хийх хэрэгтэй гэдгийг ойлгох нь маш чухал. Өдөр тутмын зүйлүүдтэй холбоотой явдал нь түүний тогтворгүй байдлыг тайлбарлахад дөхөм болдог. Хүмүүст нөлөөлөх таны чадвар цаг үргэлж өөрчлөгдөж, таны үйлдлээс хамаарч байдаг. Хүний эрх мэдэл тухайн орчин нөхцөлөөс хамаарна. Жишээлбэл хамт олны удирдагч эмэгтэй ажил дээрээ эрх мэдэлтэй байж болно. Гэхдээ гэртээ өсвөр насны хэцүү хүүхэдтэйгээ ярилцаж байхдаа харьцангуй арчаагүй байдалтай болж, яаж ч чадахгүй байдалд орох нь бий. Тэр ч байтугай тодорхой нэг нөхцөл байдал ч гэсэн цаг хугацааны улмаас эрх мэдэл өөрчлөгдөнө. 

Өнөөдөр ажил дээрээ эрс шийдэмгий, нөлөө бүхий байсан хүн маргааш нь өөртөө итгэлтэй бус болж, юм бүхэнд эргэлзэж тээнэгэлзэнэ. Бидний хамгийн ойрын төрөл болох сармагчин, зэрлэг овог аймгийнхан энэхүү гурав дахь зарчмыг эрх мэдэл нь нөхцөл байдлаас хамааран байнга өөрчлөгдөж, тухайн нөхцөл байдал дахь тодорхой үйлдлээр тодорхойлогдож байдаг гэдгийг баталж өгдөг. 

Горилла шимпанзе гэх мэтийн түрэмгий эзэрхэг амьтад эрх мэдлээ тогтоохын тулд бүдүүлэг хүч чадлаа ашиглах нь олон. Гэвч тэдний зэрэг зиндаа, нөлөө нөөц баялагт хүрэх байдал нь эрэгчин болон эмэгчингүүдийн өрсөлдөгчдийн өрсөлдөөн тэмцлийн үр дүнд цаг тутамд өөрчлөгдөж байдаг. Шинэ Гвиней Аляск, Амазонкийн сав газар, Африкийн овог аймгийг шинжлэн судалсан хүн судлаачид тэдний дундаас тухайлсан нэг удирдагчийг сонгоход маш хэцүү, заримдаа бүр боломжгүй гэдгийг олж мэджээ. Тухайн хэсэг бүлгийн хэрэгцээг хангахад чиглэсэн тодорхой үйлдэлтэй холбоотой байдгийнхаа улмаас эрх мэдэл нь нөхцөл байдлаас хамааран өөр өөр хүнд шилждэг байна. Эрх мэдэл нь тодорхой хэсэг бүлэгт ашиг тус авчрах өдөр тутмын үйлдлээр илрэн гардаг аж.


"Эрх мэдлийн парадокс" номоос...