“Эрдэнэт”-ийн 49 хувийг ОХУ-ын Ростех компаниас Монголын талд шилжүүлж манай талаас Худалдаа хөгжлийн банкийг төлөөлж “Монголын зэс” компани эзэмших шийдвэрийг гурван жилийн өмнө гаргаж байсан билээ.

Энэхүү Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ХХБ хэрхэн худалдаж авсан талаарх хөрөнгийн эх үүсвэрийг шалгах ажлын хэсгийг АТГ, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас томилон шалгуулж буй.

Үүнтэй холбогдуулан нэр бүхий хүмүүсийг баривчлан саатуулж, байцаасан удаатай. 

Энэ удаа уг асуудлаар ерөнхий прокурорын тушаалаар АТГ-ынхан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс дахин тайлбар, мэдүүлэг авчээ. Түүнээс гадна Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарыг яллагдагчаар татах санал гаргасан байдаг. Үндэслэл нь Н.Золжаргал Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдохоосоо өмнө “Эрдэнэт үйлдвэр”ийн 49 хувийг худалдаж авсан Худалдаа хөгжлийн банкны захирлуудын нэгээр ажиллаж байсан аж. Энэ нь түүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авахад Монголбанкнаас баталгаа гаргаж өгөхөд хүргэсэн гэсэн хардлага явдаг. Уг асуудал дээр 2017 оны 8 дугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг ч сураг алдарсан.

Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдан авсан тал хууль зөрчөөгүй хэмээн мэдэгдсээр байгаа билээ.