УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.09.13/ хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцлээ.  

УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн 2019 оны Н05/05 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК, "Монголросцветмет’’ ХХК-д үүсээд байгаа маргаантай нөхцөл байдлыг шийдвэрлэх, цаашид үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангуулах зайлшгүй шаардлагыг харгалзан үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон.

Онцгой дэглэмийн хугацаанд үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг ханган, төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулж, иж бүрэн санхүүгийн шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэлтэй холбоотой асуудпыг хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байна хэмээн Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Тэрбээр, “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ-ын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд “Дархан төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК, “Кью Эс Си” ХХК, “Цемент шохой” ХК, “Монголиан коппер корпорэйшн” ХХК, “Цэц мөнх” ХХК, “Рэс” ХХК, “Гурван уул" ХХК, "Тайтлан Ресорсиз Монголиа" ХХК зэрэг хуулийн этгээдтэй холбоотой зарим асуудлыг шалгуулах нь зүйтэй гэж үзэж хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн.

“Стандарт” банктай холбоотой хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх талаар Засгийн газраас чиглэл, удирдамж өгч ажилласны дүнд 2019 оны 04 дүгээр сарын эхээр 40 сая ам долларыг “Стандарт” банкинд төлж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гадаад дахь өр төлбөрийн асуудал хаагдсан бол дотооддоо энэ асуудал хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаж, шүүхийн шатанд хянагдаж байна.

Онцгой дэглэм тогтоосноор хоёр үйлдвэрийн газрын үйл ажиллагаа жигдэрсэн бөгөөд шалгалтын актаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхэд нэлээд хугацаа шаардагдахаар байна гэлээ.

“Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь онцгой дэглэм тогтоосон хугацаанд 2019 оны эхний 7 сард 342.3 мянган тн зэсийн баяжмал, 3.0 мянган тн молибдены баяжмал үйлдвэрлэж, 1.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, зардлыг 5.6 хувиар бууруулж ажилласнаар 281.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Мөн улс, орон нутгийн төсөвт 2019 оны эхний 7 сарын байдлаар нийт 647.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 134.8 хувиар буюу 167.2 тэрбум төгрөгөөр илүү аж.

“Монголросцветмет" ТӨҮГ 2019 оны эхний хагаст үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөг ханган биелүүлж, 22.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай улсын төсөвт 20.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, "Монголросцветмет” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдал бүрэн арилаагүй тул онцгой дэглэмийг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн сүүлийн хоёр жил геологи хайгуулын ажлыг хоёр дахин нэмэгдүүлсэн гэдгийг онцлоод геологи, хайгуулын ажлын урьдчилсан дүнгээр “Эрдэнэт” үйлдвэрийн нөөцийг өнөөгийн хүчин чадлаар ашиглахад 60 жил хүрэлцэнэ гэсэн тооцоо гарсныг дуулгасан. Ордын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хайгуул, судалгааг хийх явцдаа мөн хил хязгаарыг нарийвчлан тогтоосон гэдгийг тэрбээр дурдаад зөвхөн Эрдэнэтийн овоогоор хязгаарлалгүй 60 км-ын радиуст хайгуул хийгдэж буйг тодруулан хэлсэн.

Гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.