Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 14-ний өдөр зэс, молибденын хүдрийн баяжуулалтаар томоохонд тооцогддог Эрдэнэт үйлдвэр ХХК-д ажиллалаа.


Эрдэнэт үйлдвэр ХХК нь өнгөрсөн жилийн статистик үзүүлэлтээр Монгол Улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 28 хувь, экспортын бүтээгдэхүүний 11 хувийг үйлдвэрлэжээ. Одоогийн байдлаар Эрдэнэт үйлдвэр нийтдээ 800 орчим сая тонн хүдэр олборлоод байна.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ил уурхайтай танилцах үеэр тус үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Уурхайн дэд станцын хүчин чадал хүрэлцэхгүй байгаа тул48 Мегаваттын цахилгаан станц барин, удахгүй улсын комисст хүлээлгэн өгөх гэж байна.Мөн одоогийн байдлаар газрын доор 700 орчим сая тоннын зэсийн хүдрийн таамаг нөөц бий. Цаашид уурхайг тэлэх эсвэл гүний уурхай руу шилжиж байж нөөцөө бүрэн ашиглана” гэлээ. Тиймээс өнгөрсөн оноос “Эрдэнэт” үйлдвэр өмнө нь хийж байсан геологи хайгуулын ажлаа хоёр дахин өсгөж, зургаан сая ам.долларын ажил хийж байгаа аж.

УУХҮ-ийн сайд уурхайд ажиллах үеэрээ Засгийн газрын зүгээс уурхайн стратегийн талбайг нэмэгдүүлсэн байгааг онцлон хэлэв. Мөн тэрбээр “Эрдэнэт нь бүлэг орд болохооор энд ажиллаж буй болон амьдарч байгаа 110 мянган хүний амь амьжиргааг залгуулж, Эрдэнэт үйлдвэрийн хайгуулыг цаашдаа сайжруулах, тэргүүний дэвшилтэт техник технологиудыг нэвтрүүлж, үйлдвэрийн хөгжилд анхаарах шаардлагатай” хэмээлээ.

Салбарын сайд Эрдэнэт үйлдвэрийн ил уурхай, баяжуулах үйлдвэр болон засвар механикийн заводтой танилцсаны дараа уурхайн үүсмэл орд дээр үйл ажиллагаа явуулж буй “Эрдмин”, “Ачит ихт” компаниуд дээр очсон юм. Дээрх хоёр компани нь Эрдэнэтийн үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, бага агуулгатай, балансын бус үүсмэл ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж буй юм. 

Тодруулбал, дээрх хоёр компани нь Лондоны металлын биржид бүртгэлтэй лабораторийн шинжилгээгээр 99.999 хувийн дэвшилттэй,  “А” зэрэглэлийн катодын цэвэр зэс үйлдвэрлэж байна.