Америкийн алдарт реалити шоуны од Ким Кардашианы охин дүү нарын нэг Клөүи Кардашиан саяхан охин үртэй болсон. Гэтэл түүний охины эцэг, Канад гаралтай сагсан бөмбөгч Тристан Томпсон шөнийн цэнгээний газраас нэгэн бүсгүйтэй гарч, буудал руугаа хамт орж буй бичлэг өнгөрсөн долоо хоногт цацагдав. Удалгүй өөр гурван бүсгүйн дунд суугаад үнсэлцэж, энхрийлэлцэж байгаа бичлэг ч олонд дэлгэгдсэн юм. 

Энэ мэт хүндхэн зүйл болсон ч ээж болоод удаагүй Клөүи Кардашиан Кливлендын морьт цэргүүд багийн тоглогч найз залуугаасаа салах бодолгүй байгаа тухай түүний ойрын эх сурвалж мэдээлсэн билээ. 

Олны шүүмжлэлийг ихээхэн хүртэж буй Тристан харамсалтай нь жирэмсэн эхнэрээ хуурсан анхны залуу биш. Мөн сүүлийнх нь ч биш. Мэргэжилтнүүд эрчүүдийн энэ ааш аягийн талаар ямар байр суурьтай байдаг бол. 



We are ready whenever you are little mama ????

A post shared by Khloé (@khloekardashian) on


“What’s Your Pregnant Man Thinking” номын зохиолч, сэтгэл судлаач Роберт Родриге дараах тоо баримтыг дэлгэсэн юм. Үрийн зулай үнэрлэхээр хүлээж буй эрчүүдийн 10 хувь нь эхнэрээ жирэмсэн байх хугацаанд нь араар тавьдаг аж. Men’s Health сэтгүүлд дурдсанаар энэ нь эрчүүд эцэг болсноор зугаа цэнгэлтэй амьдрал нь алга болж, үүрэг хариуцлагад дарагдахаас эмээдгээс үүдэлтэй гэх. 

Хуурах шалтгаан нь үүгээр өндөрлөхгүй. Нью Йорк дахь жирэмсэн, жирэмсний өмнөх үеийн мэдрэлийн эмч, доктор Шира Данзиг айдсаас гадна бэлгийн хүсэл сонирхол томоохон хүчин зүйл болдгийг хэллээ. Тэрбээр “Эмэгтэй хүн хөл хүнд болмогц сексийн амьдрал тун асуудалтай болдог. Бие физиологийн хувьд ч, сэтгэл санааны хувьд ч бэлгийн харилцаанд орох эрэгтэй, эмэгтэй хүний аль алинд нь тухгүй байж болох” гэв. 

Жирэмсэн болмогц эмэгтэйчүүдийн дийлэнх нь секс хийх хүсэл нь багасдаг. Энэ үед эрчүүд хаягдсан, гологдсон мэт санагдах нь олонтаа байдаг ажээ. Үүнд эмэгтэй хүний буруу ч бий. Секс хийх хүсэлгүй байгаагаа эвтэйхнээр хэлж ойлгуулж чаддаггүй, хүүхэд юу юунаас чухал болсон мэт мэдрэмж өгдөг гэх мэт алдаа гаргадгийг мартаж болохгүй. Гэхдээ энэ бол эхнэрээ хуурах шалтгаан огтхон ч биш юм. 

Бэлгийн хүсэл шаардлага ихтэй бүсгүйчүүд байдаг ч эрэгтэй хүний зүгээс хүүхдээ өвтгөх вий гэсэн айдастайгаас бэлгийн харилцаанаас татгалзах нь ч бий. Харин шинжлэх ухаан талаас авч үзвэл умай маш сайн хамгаалагдсан, хүүхэд эхийн хэвлийд усан дотор байдаг болохоор юу ч мэдрэх боломжгүй, юу болоод байгааг ч ойлгохгүй. Гагцхүү эхэд тухгүй байх, тулж өвдөх гэх мэт зовиургүй, доошоо цус алдаагүй, зулбах эрсдэлгүй л бол жирэмсний үед бэлгийн харилцаанд орох нь ямар нэг аюулгүй билээ. 

Харин ч тээгч эх бэлгийн харилцаанаас таашаал авах үед тархинд ялгарах бодис сэтгэл санааг өргөж, хүүхдийн хөгжилд эерэгээр нөлөөлж болно.