“Жагсаад” команд авсан цэрэг эрс шиг нэг эгнээ бүхий гудамжны таримал моддын дэргэдүүр алхаж ээ явахад их юм бодогдоно. Энэ л бодлыг минь мэдсэн юм шиг наймдугаар сарын дундын дээрээ хурц нартай, дэргэдээ ногоон модтой тийм л нэг өдөр намар над руу ирж яваагаа салхиараа чимээлдэг болсныг хоёронтоо үзэв. Урд газрын бөгчим халууныг зүсээд, зөвхөн минийлээ нүүр рүү үлээх шиг болдог тэр салхи их андашгүй. Урд газарт амьдрахад наранд ээгдэж, навчинд ороогддог ч хүссэн ч эс хүссэн ч монгол хүн салхинд их мэдрэг болно. Зөвхөн Монголоос минь зорьж ирсэн юм болов уу гэмээр хормын төдий сэвэлзэх тэр л салхи нүүрийг минь илбээд өнгөрөхдөө “Би бол намар юм шүү” хэмээн сонорт минь дуулгадаг болов.

Дэггүй тэр л салхийг би хэсэгтээ мартана. Тэр ч намайг мартана. Хэсэг хугацааны дараа намар ханхүү бүүр түүрхэн ирсэн болохоо надад мэдрүүлнэ. Өглөө үдэш жиндэнэ. Би даарна. Даашинзны хормой дэрвээд, аальгүй хүүхний инээд шиг долгилно. Үсийг минь оролдонгоо хүзүү шанхыг минь илбэдэг түүний дэггүй занг би хэзээнээсээ мэддэг болохоор ороолтоо давхарлаж зүүгээд, нар дагаж ажилдаа хүрнэ. Хүйтэн ундаа залгилахсан гэсэн хүсэл минь хүний хүсэл шиг ор тас мартагтаад халуун кофе уухсан гэсэн таашаалаар солигдоно. Тэр л үед би түүнийг бүрэн танина. “Яалтгүй намар ирж дээ” хэмээн санаа алдах зуураа өөрөө өөртөө энэ тухай өгүүлээд, хэрэв намар хүнсэн бол эр хүн байх байж дээ гэсэн зүйрлэлд автана.

Намар, уулын орой дахь модон байшинд амьдардаг ид дунд насны гүжирмэг хархүү байх. Тэр магад буутай, анч сайн нохойтой ой хамгаалагч байх. Гутлын түрий эргүүлж өмсөөд урт буугаа мөрөндөө үүрээд нохойгоо дагуулаад ойгоо тойрч олон хоногоор хэсүүлчилдэг эрс чийрэг залуу байх. Тэр цэх нуруутай, тэгш царайтай, олон үггүй ч нэг хэлэхээрээ голоор нь, гомдмоор үнэнийг хэлдэг байх. Тэр бүр яриад байдаггүй шигээ цөөн инээдэг байх. Инээхээрээ том том жигд цагаан шүдээ яралзуулан, сэтгэл доторх бараан үүлийг үлдэн хөөтөл хөхөрдөг баяр баясгалант байх. Тэр лав бүсгүй хүнийг торгонд ороож, тосонд хөлбөрүүлэхгүй ч цээжний гүн дэх нууцын нууцад нь хүрсэн ч түүнээ зарлаж сайрхдаггүй жудагтай нэгэн байх. Намар бусдаасаа их өөр. Тэр хоёр алгаа дэлгэсэн ижий зун биш. Тэр хоногтоо ааш нь солигддог бүсгүй хавар биш. Өгсөн авснаа тооцоолоод авдартаа данги түгжчихээд дугхийж буй өтөл өвөл биш юм. Тэр уг нь их тулхтай ч “насандаа” баймгүй томоогүй билээ. Уулсаар даажигнана. Нэг л өглөө оройг нь цал буурал болгочихно. Хүний амьдрал үргэлж мөнхийн зун шиг үргэлжилдэггүйг бидэнд сануулна. Үүлсээр тоглоно. Цуваа цагаан байснаа уйдсан бололтой загасны хошуу зураад элдэж одно. Тэнгэрээр оролдоно. Давхар давхар цэлийн хөхөрч байснаа ууртай хадмын царай шиг бөөн хар юм болгож орхино. Бороогоор наадна. Аавдаа гомдсон хүүгийн нулимс шиг ганц нэг дуслуулж байснаа эцгээ өмөөрөхөөр сад тавьдаг шиг сул асгаруулна. Газрыг аргадна. Охин хүүхдийн сэтгэл шиг хөрст дэлхийг дэлгэнүүлж, идэгч хүмүүнд даахынх нь хэрээр өгнө. Тэр найрал хөгжмийн удирдаач шиг моддыг удирдана. Түүнийг дохиход модод сэрчигнэж, хөг аялгуу бүтээнэ. Зарим өдөр уянгын аяз шиг, нөгөө өдөр дуурь дуурьсал шиг. Өөр нэг өдөр хүнд рок шиг гээд тэр олон хөг хэмнэлтэй. Даанч түүнийг нь бид олж сонсдоггүй л болохоос. Тэр ч бүү хэл, бид намартай нүүр тулахаараа сандардаг. Түүнийг айсуй яваа тухай бодохыг ч хүсдэггүй. Алгасаад юу юугүй өвлийн тухай бодож эхэлдэг. Хэр их цас орох бол, мал хуйгаа яах билээ, хадлан тэжээл хаа билээ хэмээн хөдөөнийхөн боддог бол суурин газрынхан өвлийн гутал, байрны халаалт, дулаан гарааш гээд хүн бүр янз янзын төсөл төлөвлөгөө толгойдоо ургуулж эхэлдэг. 

Намрыг бид урилгагүй зочин шиг хүлээж авдаг. Бид яаж ч булзаад намрыг алгасахгүй нь туйлын үнэн билээ. Хэрэв тэр бидэн дээр айлчилдаггүйсэн бол хүмүүс машиныхаа жолоогоо тас атган урдах замаа таг ширтсээр зуны зугаатай хөөцөлдөн давхисаар байх байсан биз. Бид найр наадмын замаас буцаж явахдаа ч зуныг үгүйлсэн хэвээр л байдаг. Зун нар хоёрт хэт найр тавьснаас намрын гоо сайхныг илүү тодоор олж хардаггүй ч юм шиг. Цувныхаа захыг босгоод алхаагаа хурдасгахын оронд бид түүнийг ямар сайн зураач болохыг ажих хэрэгтэй шиг санагдана. Түүний амт үнэр хэдэн төрөлтэйг би сайн мэдэхгүй. Хуучны танил шиг тэр олон амт үнэрийг би нэгбүрчлэн нэрлэж чадашгүй нь. Тэр заримдаа олны хөлд уйлж суугаа бүсгүй хүн шиг их уйтай. Зүрхэн дотроос минь гогдож, хааяа хааяа сандаачдаг ч  тэр өгөөмөр билээ. Намар ханхүү нэг гараараа залуу халуун наснаас минь нэг нэгээр нь сугалж байдаг ч нөгөө гараараа дархны газрын дөшний нэг хэмнэлт цохилтоор тархинд маань ухаан суулгаж байдагт нь талархах учиртай. 

Амьдрал автобусны маршрут шиг давтагдаж байх зуур хоног өдөр метроны хурдаар жирэлзэнэ. Намрын тухай Б.Зангад гуайн дуулсан дуу моодноос гаралгүй хүмүүс дуулсаар байгаа төдийгүй улам ч хоногшсоор. 

“Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй
Уудам бэлчээрт шуугиан татрахгүй
Алтан намар он жилүүд улиравч дурсгалтай
Аяны шувуудыг дагаад нисчихгүй нь сайхан"... 

Ийм дуу ахиж төртлөө хол доо хэмээн урлагт хайртай нэгэн агсарахад түүний яриаг сонсож байсан залуу энэ бол хоцрогдсон хүний яриа хэмээн үл тооно. Тэр хүү дурлалт охин, хиппоп дуу, халаасны мөнгө, холливуудын шинэ киноны бодохоос биш өнөө яриаг тэгсгээд мартаж орхино. Гэхдээ л тэр хэзээ нэгэн цагт энэ бүхнийг санах болно. Яагаад гэвэл намар байн байн ирдэг учраас. Тэр үед “Алтан намар” ахин дахин уянгалах учраас. Тэр хүү өсч эрийн цээнд хүрэх учраас. Одоо түүний буруу гэж байхгүй. Учир нь он цагийн хараас зөвхөн түүний аньсган завсар бий. Хөгшид маанийн эрхиэ имэрч байх зуур нэг л өдөр түүний хацар дээр өнөөдрийн миний мэдэрдэг шиг намрын илбээн ирнэ. Тэр цагт өнөөх хүү намарт дуртай, эс дуртайгаа эргэцүүлж л таарна. Догдолвол намрын эмэгтэйлэг шинжийг олж хараад шөнө дөлөөр бичих ч юм бил үү, хэн мэдлээ. Яагаад гэвэл тэр намар намрыг таних учраас...