“Нипа” хэмээх вирусын халдвараар тархдаг нэн ховор бөгөөд эмчлэхэд бэрх халдварт өвчин Энэтхэг улсын өмнөд хэсэгт дэгдэж, 10 хүний аминд хүрсэн тухай “Эн-Эч-Кэй” телевиз мэдээлжээ.

Нипа вирусыг тээгч нь халуун оронд жимсээр хооллон амьдардаг нэгэн төрлийн сарьсан багваахай байдаг юм байна. Уг вирус нь хүнд халдварласан тохиолдолд ханиадтай төстэй шинж тэмдэг илэрдэг хэдий ч тархийг үрэвсүүлж үхэлд хүргэх аюултай аж.

Уг өвчний эсрэг вакцин одоогоор байхгүй бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, орон нутгийн эмчилгээний чанараас шалтгаалан нас баралтын түвшин 40-75 хувьтай байгаа ажээ.
Энэтхэгийн засгийн газраас Керала мужийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад өвчний тархалтыг газар авахуулахгүй байхыг үүрэг болгожээ. Нипа вирусын халдвар анх 1999 онд Малайзид дэгдэж, 100 гаруй хүн уг өвчнөөр амиа алдаж байжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг