ШИНЭ-ДЕЛИ. /NHK/. Мягмар гарагт Энэтхэгийн төвийн нутгийн Чхаттисгарх мужид тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас эрх баригч намын гишүүн болон цагдаагийн дөрвөн ажилтан амиа алдсан байна.

Маргааш буюу пүрэв гарагт Энэтхэг улсад бүх нийтийн сонгуулийн санал хураалт эхлэх юм. Ерөнхий сайд Нарендра Модигийн “Бхаратия Жаната” намын гишүүн Бхима Мандави кампанит ажлын хүрээнд дэмжигчидтэйгээ уулзахаар явж байжээ.

Цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр, Б.Мандавигийн сууж явсан тээврийн хэрэгсэлд маоист үзэл суртлыг баримтлагч босогчид /Коммунист намыг дэмждэг/ тэсрэх бөмбөг байрлуулж, алсаас удирдан дэлбэлсэн аж. Н.Моди энэхүү халдлагад маоист босогчдыг буруутгаж байгаагаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. 

"Эдийн засгийн өсөлтийг нэн түрүүнд тавьж, ядуу буурай бүс нутгуудыг дарлан мөлжиж байна" хэмээн маоист босогчид Засгийн газрыг буруутгадаг аж. Тэд голчлон Энэтхэгийн төвийн нутаг дахь Засгийн газрын байр, цагдаагийн газруудад халдлага үйлддэг байна. Түүнчлэн сонгуулийг үл тоомсорлохыг сонгогчдод уриалж байгаа ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг