Энэтхэгийн улс төрийн зүтгэлтнүүдийн нэг Виллабхаи Петалийн дүр төрхийг мөнхөлсөн дэлхийн хамгийн өндөр хөшөөг нээх ёслол лхагва гарагт тус улсын баруун хойд нутгийн Гужарат мужид боллоо. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн нээсэн уг арга хэмжээг телевизийн бүх сувгаар шууд дамжуулжээ. 

Эв нэгдлийн хөшөө гэж албан ёсоор нэрлэсэн уг хөшөө 182 метр өндөр бөгөөд АНУ-ын Эрх чөлөөний хөшөөнөөс /93 метр/ бараг хоёр дахин, Бразилын Христийн хөшөөнөөс /38 метр/ хэд дахин өндөр ажээ. Гол зохион бүтээгч нь Энэтхэгийн алдартай уран барималч Рам Ванжи Сугар юм.

Загварыг нь гаргахад 13 сар, бүтээхэд 33 сарын хугацаа зарцуулсан хөшөөний дотор талд цахилгаан шат суурилсан байна. 150 метрийн өндөр хэсэгт нэгэн зэрэг 200 жуулчныг хүлээн авах боломжтой ажиглалтын талбай байгуулжээ. Хөшөөны хажууд Виллабхаи Петалийн дурсгалд зориулсан музейг нээсэн байна.

Цагт 180 км-ын хурдтай хар салхи болон 6,5 хүртэл магнитудын хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй уг хөшөөг суурийн хамт бүтээхэд 210 мянган шоо метр бетон зуурмаг, 6500 тонн ган арматурыг оруулаад 18500 тонн төмөр хийц оржээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS