Цэргийн төв эмнэлэг эмч нарынхаа мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд анагаах ухаан өндөр хөгжсөн Энэтхэг Улсын “BLK”  эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичгийг энэ онд багтаан байгуулахаар болсон. 

Энэ хүрээнд тус эмнэлгийн эмч нар энэ сарын буюу 12 дугаар сарын 4-7-ны хооронд Монголд ирж, Цэргийн төв эмнэлэгт ажиллахаар болжээ. 

“BLK”  эмнэлгийн эмч нар Цэргийн төв эмнэлэгт бүдүүн, шулуун гэдэсний хагалгаа, шархлаанууд, ходоодны хавдар, хөхний хавдар, эмэгтэйчүүдийн хавдар, элэг тайрах буюу залгах гэсэн мэс заслуудыг хийх бүрэн боломжтой гэж үзэж буй аж.

Энэтхэгийн эмч нар дээрх өдрүүдэд харъяалал хамаарахгүйгээр Цэргийн төв эмнэлэгт иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийх юм байна.

“BLK” нь хавдар, ясны чөмөг шилжүүлэн суулгах, зүрх, мэдрэл, хоол боловсруулах эрхтэн, элэгний өвчлөл, бөөр шилжүүлэн суулгах, нурууны мэс засал, гоо сайхны мэс засал, хүүхдийн зүрх судасны эрчимт эмчилгээгээр дагнасан 11 салбар төвтэй улсдаа томоохонд тооцогддог эмнэлэг аж.