ШИНЭ ДЕЛИ. /NDTV/. Энэтхэгийн “Chandrayaan-2” сар судлах төхөөрөмжийг тээсэн “GSLV Mark 3” пуужин Бенгалын булан дахь Шрихарикота арлын сансрын буудлаас орон нутгийн цагаар даваа гарагийн 14:43 минутад амжилттай хөөрчээ.  

Уг төхөөрөмжийг өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт сар руу хөөргөх гэж байсан боловч техникийн саатлын улмаас хөөргөхөөс 56 минутын өмнө хойшлуулсан юм. Энэтхэгийн Сансар судлалын байгууллагын /ISRO/ мэргэжилтнүүдийн мэдээлснээр, “GSLV Mark 3” пуужин нь тус байгууллагын хамгийн том, хамгийн хүчтэй пуужин бөгөөд 44 метр урт /15 давхар барилгын өндөртэй ойролцоо/ аж.

Сарны хөлөг хэмээх утгатай "Chandrayaan-2" төхөөрөмж саран дээр ирэх есдүгээр сарын 7-нд газардах төлөвтэй байгаа бөгөөд энэхүү даалгавар амжилттай болсон тохиолдолд Энэтхэг улс нь АНУ, ОХУ, БНХАУ-ын дараа дэлхийн дагуул дээр төхөөрөмжөө амжилттай газардуулсан дөрөв дэх улс болох юм. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг