Туркийн засгийн газар Нью-Йорк Никс багийн төвийн тоглогч Энес Кантерын аав Мэхметийг алан хядах бүлэглэлийн гишүүн гэж үзэн 15 жилийн хорих ял оноожээ. Давж заалдах шатны шүүх хурлаар орох эрхтэй ч тэр шүүх хурал хэзээ болох нь тодорхойгүй байгаа аж. Өмнө нь Мэхметийг хэд хэдэн удаа баривчилж, эрүүдэн байцаалт авч байсан билээ. Тэр болгондоо тулгасан хэрэг нь үндэслэлгүй болох нь тогтоогдож суллагдаж байсан.

Нью-Йорк Никс багийн төвийн тоглогч Энес Кантер Туркийн ерөнхийлөгч Эрдоганы бодлогыг эсэргүүцэгчдийн нэг бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан удаа дараа хатуухан шүүмжилж байсан. Аавыг нь баривчилж хорьсон шалтгаан бол Кантерт сануулга өгч байгаа хэлбэр гэж үзэх хүмүүс олон байна.

Өнгөрсөн 5 дугаар сард Энес Кантер Румын руу хандивын арга хэмжээнд оролцохоор аялах үед нь Туркийн засгийн газраас гадаад пасспортыг нь цуцалснаас болж онгоцны буудал дээр хэсэг саадаж байсан билээ. Кантер нэгэн ярилцлагын үеэр гэр бүлээ аюулд оруулахгүйн тулд харьцаагаа таслаад 2 жил болж байгаа гэдгээ хэлж байсан билээ.