Сайжруулсан түлш, угаарын хийнд хордсон асуудлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй ажлуудын талаар Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Сайжруулсан түлштэй холбоотой дуудлага тасрахгүй байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон нийт 9 өрхийн 26 иргэн /15 хүүхэд, 11 том хүн/ хандсан. Тэдний нэг хүүхэд нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 10 дугаар сарын 14 буюу өнөө өглөөний 06.00 цагийн байдлаар эмнэлэгт 5 том хүн, 4 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Энэ сарын 3-14-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын 138 удаагийн дуудлагаар 293 иргэнд /120 хүүхэд, 173 том хүн/ эмнэлгийн тусламж үзүүлсэн. Үүнээс насанд хүрсэн 22, хүүхэд 7 хэвтэн эмчлүүлсэн. Энэ сарын 03-наас хойш 7 хүн нас барсан.

Дуудлага бүрийг 100 хувь угаарын хийнд хордсон гэж шууд хэлэх боломжгүй" хэмээн мэдээллээ.

Мөн энэ үеэр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Сайжруулсан түлшийг нийт 5 лабораторт шинжлүүлсэн. Бүгд "шаардлага хангасан" гэсэн дүгнэлт ирүүлсэн. Тиймээс иргэд сайжруулсан түлшээ зөв хэрэглэх, түүхий нүүрс түлэхгүй байхад анхаарах хэрэгтэй" хэмээлээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.