Дотоодод илэрсэн коронавирусийн тохиолдлуудтай холбоотойгоор энэ сарын 25-нд Сөүлээс иргэдээ авчрах тусгай нислэгийг цуцалжээ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт өчигдөр 2, өнөөдөр 18 хүнээс коронавирус илэрсэн. Тэдний хавьтал 600 гаруй хүнийг олж тогтоогоод буй юм.

Тусгай нислэгийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Улсын онцгой комиссын удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу энэ сард цуцлагдсан тусгай нислэгүүдийг сэргээн үйлдэж байна. Өчигдөр европын орнуудаас 165 хүн ирсэн. Өнөөдөр 160 иргэн ирэхээр замдаа явж байна. 14:20 цагт Улаанбаатарт газардана. Энэ сарын 20-нд Токио руу үйлдэх тусгай нислэг хэвийн үйлдэгдэнэ. 

Харин дотоодод үүсээд буй нөхцөл байдал, тусгаарлах байрны хүрэлцээнээс шалтгаалж 12 дугаар сарын 25-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд үйлдэхээр төлөвлөсөн нислэгийг цуцлах зайлшгүй шаардлага үүслээ. Нөхцөл байдалдтай уялдуулан уг нислэгийг 2021 оны нэгдүгээр сард үйлдэнэ. Товыг тухайн үед нь зарлана. 25-ны нислэгээр ирэхээр тийзээ бичүүлсэн иргэд нэгдүгээр сард үйлдэх нислэгээр ирэх боломжтой. Энэ нислэгийг цуцлах зайлшгүй шаардлага үүссэнийг зөвөөр ойлгохыг иргэдээсээ хүсье" хэмээлээ.