"Оюу толгой" компанийн 2019 оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлийн тайланг танилцууллаа. Уг тайлангаас өссөн үзүүлэлтүүдийг харуулбал: 

✔Зэсийн үйлдвэрлэл 45,800 тонн буюу 2018 оны нэгдүгээр улирлаас 18.2%-р өссөн

✔Алтны үйлдвэрлэл 120,000 унци буюу 2018 оны нэгдүгээр улирлаас 187.6%-р өссөн

✔ 85.7 сая ам.долларыг татвар, хураамж, бусад төлбөрт төлсөн

✔ 98 сая ам.долларыг үндэсний худалдан авалтад зарцуулжээ.

Тус компани орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэд бүтцийг дэмжих чиглэлд хийсэн томоохон ажлуудын нэг нь өнгөрсөн хоёрдугаар сард нээсэн Ханбогд сум, Оюу толгойг холбосон 35.1 км зам байлаа. “Оюу толгой” компанийн 46 тэрбум төгрөгийн санхүүжилтээр уг замыг барихдаа тухайн газрын байгалийн онцлогийг хамгаалж, нийт 10,000 гаруй ховор ургамлыг Ханбогд сумын мод үржүүлгийн газарт шилжүүлэн суулгасан.

Түүнчлэн Монголын төдийгүй олон улсын уул уурхайн компаниудад жишиг болохуйц үйл явдал болох Оюу толгойн уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор малчдын гаргасан
гомдлуудыг Дэлхийн банкны Эрх зүйн хяналт, нийцэл, зөвлөгөө, Омбудсмэний газрын тусламжтайгаар зөвшилцлийн замаар амжилттай шийдвэрлэн хаасан бөгөөд Ханбогд сумын Гурван талт зөвлөл, Омбудсмэний газраас хамтран өнгөрсөн сарын 25-ны өдөр туршлага хуваалцах уулзалт зохион байгуулжээ.

Аюулгүй ажиллагаа, байгаль орчин, сургалт, хүний нөөц:

Рио Тинто группийн хэмжээнд аюулгүй ажиллагааг сайн хангадаг уурхайн нэг хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн улиралд компанийн 200,000 хүн/цаг тутамд ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.09 байв.

Дэлхий даяарх бусад ижил үйл ажиллагаатай уурхайнуудын усны хэрэглээний 1/3-тэй тэнцэх хэмжээний буюу нэг тонн хүдэр боловсруулахад ердөө 0.46 шоо метр ус ашиглаж, дэлхийн жишиг байгаль орчны гүйцэтгэлээ үргэлжлүүлэн бататгав. Тайлант хугацаанд ус дахин ашиглалтын түвшин 86 хувь байлаа.

Ажиллах хүчний 93 хувь нь монгол ажилчид бөгөөд 20.8 хувийг Өмнөговь аймгийн иргэд, 57.3 хувийг гүний уурхайн төслийн ажилчид бүрдүүлж байна. “Оюу толгой” компани 2019 оны нэгдүгээр улиралд 171,192 хүн/цагийн сургалтад нийт ажиллах хүчнээсээ 8,915 шахам үндсэн болон гэрээт ажилтанг хамруулсан.

Татвар, худалдан авалт, орон нутгийн хамтын ажиллагаа:

Монгол Улсын Засгийн газарт 2010-2019 оны 1-р улирлын байдлаар 2.4 тэрбум орчим ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсний
дотор 2019 оны эхний улиралд 57.7 сая ам.долларыг төсөвт, 28 сая ам.долларыг харилцагчдын НӨАТ*-д тус тус төлсөн.

2019 оны нэгдүгээр улиралд 531 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд тэдний 372 нь үндэсний компани бөгөөд Үйл ажиллагааны худалдан авалтын 78 хувийг эдгээр компаниудад зарцуулав. 2010-2019 оны нэгдүгээр улирал хамрах хугацаанд үндэсний худалдан авалтад 2.8 тэрбум ам.доллар зарцуулсан бол Өмнөговь аймгийн нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 443 сая ам.доллар зарцуулсан байна.

Мөн орон нутгийн хамтын ажиллагаагаа бататган Өмнөговь аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран ээлжит нээлттэй өдөрлөг, “Техник, мэргэжлийг танилцуулах өдөрлөг” зэргийг Даланзадгад хотноо зохион байгуулсан бөгөөд 2019 онд орон нутгийн тогтвортой хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр 5 сая ам долларын санхүүжилт олголоо.

Туркойз Хилл “Оюу толгой”-г 2019 онд 125,000-155,000 тонн баяжмал дахь зэс, 180,000-220,000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байна.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын явц:

Босоо ам 2-ын тоноглол, дулааны төв станц, уурхайн дэд бүтэц, гүний уурхайн материал зөөвөрлөх системийн болон гүний уурхайн голлох бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Босоо ам 3 болон 4-ийн нэвтрэлтийн бэлтгэл ажил эхэлсэн. Төслийн менежер Рио Тинто Босоо ам 2 (гол үйл ажиллагаа болон үйлчилгээний босоо ам)-н тоноглол болон үйл ажиллагаанд хүлээн авах бэлтгэл ажлыг 2019 оны аравдугаар сарын төгсгөлд дуусгах хүлээлттэй байна. Өмнө мэдээлсэнчлэн геотехникийн мэдээллийг илүү дэлгэрүүлэх болон газрын нөхцөл байдал өөр болсонтой холбоотой уурхайн дизайн болон бүтээн байгуулалтын хуваарийг хянаж үзэх шаардлага гарсан. Энэхүү шинэчилсэн хуваарь оны төгсгөл хэсэгт бэлэн болох бөгөөд Босоо ам 2-ын шинэчилсэн хуваарь үүнд багтаж байгаа аж.