Энэ оны Нобелийн шагналыг Америкийн яруу найрагч Лүиз Глюк хүртлээ.

Нобелийн утга зохиолын шагналтнаар Хятадын орчин үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Үй Хуа, Чехийн зохиолч Милан Кундера, Хятадын зохиолч Янь Лианкө, Японы зохиолч Мураками Харуки нар тодрох магадлал өндөр байсан билээ.

Америкийн яруу найрагч Лүиз Глюкийн бүтээлийг Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч, орчуулагч Г.Аюурзана орчуулж “Дэлхийн сонгомол яруу найраг” номдоо багтаасан байдаг. 

Нобелийн хорооны мэдэгдсэнээр, Луиз Глюкийн яруу найргийн дуу хоолой, догшин ширүүн гоо сайхнаараа хувь хүний оршихуйг ертөнцийнх болгосных нь төлөө хүртээжээ. 

 Луиз Глюк 

"АРГАА БАРСАН ЗӨГНӨЛ"

Өөрт чинь нэгэн үнэнийг хэлье: 

Өдөр бүр л хүмүүс үхдэг. Үхэл бол ердөө л эхлэл нь.

Өрх гэрийг уй гашуу нэрмэж, бэлэвсэн эхнэрүүд, 

Өнчин хүүхдүүд шинээр төрдөг. Тэд гараа эвхэн суугаад,

Өнөөдрөөс цаашхи энэ амьдралаа төсөөлөхийг оролддог.

Оршуулгын газарт зарим нь анх удаагаа л ирж буй нь энэ.

Орь дуу тавьчих вий, эсвэл уйлахгүй байх вий гэж айна.

Хэн нэгэн нь бэлэвсэн эхнэр рүү бөхийгөөд, 

Хэрхэх ёстойг шивнэнэ, тэр нь цөөвтөр үг хэлэх ч юм уу,

Хэдэн мөчийн турш онгорхой буй булшны нүх рүү

Хэсэгхэн шороо яаж ийгээд цацах ажил байна.

Ингээд, цөмөөрөө гэр рүү нь явцгаана,

Гэр нь гэнэтхэн л зочдоор пиг дүүрчихнэ.

Эзэгтэй буйдан дээр намбатайхан суугаад,

Гэм хийсэн мэт чимээгүй дөхөгсдийг хүлээнэ,

Зарим нь гараас нь барьж, зарим нь түүнийг тэвэрнэ.

Бараг л хүн бүхэнд таарах үгийг олоод хэлчихнэ,

Баярлалаа, ирсэнд баярлалаа ч гэдэг юм уу.

Дотроо бол тэднийг бушуухан яваасай гэж бодно.

Дорхноо гараад оршуулгын газар тийш гүйхийг хүснэ,

Цаашлаад эмнэлэг рүү, хэвтэж байсан тасаг руу нь.

Боломжгүй гэдгийг нь мэднэ л дээ. Гэлээ ч энэ бол 

Цагийг буцаах хүсэл, сүүлчийн горь найдвар нь.

Ахиад жаахан л цаашилбал тэдний гэрлэлт рүү очно,

Анхны үнсэлт нь одоо тийм ч хол биш байна.

 /1990/