Урьдчилсан балансаар таримлын болц жигд бус, цэцэглэлтийн үе шатандаа байгаа талбайн хэмжээ нилээд их байгаагийн зэрэгцээ 8 дугаар сар бүхэлдээ хур тундас ихтэй байсны улмаас зарим бүс нутгуудад тариа хэнзлэн ургаж байгаа тул цаашид цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хураалтын ажлыг технологийн дагуу чанартай гүйцэтгэж чадвал буудай, төмсний хэрэгцээгээ дотоодын ургацаас хангах боломж харагдаж байгаа юм.

Тиймээс ургац хураалтын ажлыг богино хугацаанд чанартай шуурхай зохион байгуулахад зориулж ХХААХҮЯ, Улсын ургацын комисс, УГТХүрээлэнгээс тариаланчиддаа дараах зөвлөмжийг хүргүүлж байна. 

Нэг. 2018 оны үр тарианы болцын төлөв байдал

Тариа хураах арга хэмжээ нь тариаланчдын 2 жилийн хөдөлмөрийн үр дүн бөгөөд хураалтыг хугацаа алдалгүй, хаягдалгүй явуулах нь нэн тэргүүний асуудал юм.

Энэ жилийн хувьд тариалангийн төв бүсэд хаврын нөөц чийгээр үр соёолж бутлалт, гол хатгалтаас түрүүлэлтийн үе шатанд буюу 6-р сарын 2-р 10 хоног, зарим газар 3-р 10 хоногийг дуустал хур тунадас оролгүй, зуны сүүлчээр буюу 7, 8-р сард хур бороо элбэг байгаа нь үр тарианы болц өмнөх жилүүдтэй харьцуулбал жигд бус болж хураалтанд хүндрэл гарч болзошгүй байна.  

Одоогоор Төв болон Өндөрлөг уулын бүсийн үр тарианы болц хожуу явагдаж байгаагийн дээр бусад нутагт ч болц харилцан адилгүй алаг цоог байна. Эдгээр нутгуудад тариа  сүүн болцын төгсгөл шатанд явж байхад зарим нь аарцан болцондоо дөнгөж орж байгаагаас гадна тариа ерөнхийдөө өндөр, өтгөнөөс шалтгаалан болц нь оройтох магадлалтай байна. Тухайлбал нэг талбайд, нэг хугацаанд тариалагдсан үр тарианы болц 40-50% нь аарцан болцын эхлэл шатандаа явагдаж байгаа буюу үрийн чийг 25-30% байхад 20-30% нь сүүн болцын төгсгөл шатанд буюу үрийн чийг 40-50%, харин 10-20% нь цэцэглэлтийн үе шатандаа ч явж байгаа тариа байна. Мөн буудайн болц алаг цоог буюу тарианы болц сүүн ба аарцан болцын үе шатанд явж байхад 7 сарын дундуур орсон бороо дахин хэнзлэлт үүсгэж нялхруулж байна.

Энэ байдал нь хураалт оройтох навчлалт ихтэй хог ургамал түрж урган, үтрэм дээр нойтон тариа буух намрын цочир хүйтрэлтэнд цохиулах, өндөрлөг сэрүүн болц оройтсон нутгуудад цасанд даруулах хүндрэл гарч болзошгүй нөхцөл үүсгэж байна.

Гэтэл Төвийн бүсийн эрт тариалсан талбайнууд эрт соёолсон боловч 5, 6-р сард бороо ороогүй гандсан тариалан бүхий зарим газруудад 7 сарын сүүл 8 сарын эхний 10 хоногийн халуунаар тариа механик болцондоо орж үр жижгэрэх төлөвтэй байгааг анхаарах хэрэгтэй.

Тариа хураалтыг богино хугацаанд хаягдалгүй хураахын тулд тарианы болц талбайн хогтолт, ургацын хэмжээ, ургамлын өндөр, өтгөн зэргийг цаг агаарын байдалтай уялдуулан ямар аргаар хураахыг төлөвлөж техникийн болон зохион байгуулалтын бэлтгэлээ хангана. Энэ жилийн хувьд үр тариаг үндсэн 2 аргаар хураана.

Хоёр:  2018 оны үр тариаг хураах зөвлөмж

2.1. Ангилан хадаж цайруулах аргын нөхцөл:

  • Тарианы болц оройтсон, эсвэл хэт алаг цоог болцтой.
  • Өтгөн шигүү, өндөр ургасан
  • Хог ургамал ихтэй /хог ургамал хэт их нөхцөлд ангилан хадах шаардлага гарч болзошгүй/
  • Үр авах талбайг ангилан хадаж чанартай үр бэлтгэнэ.

Буудайг аарцан болцын төгсгөл үе буюу түрүүний өнгө зүс, хэлбэр хэмжээ бүрэн тогтсон, үрийн чийг 20-25% хүрсэн, хумсаар дарахад зүсэгдэхгүй боловч бага зэрэг хонхойж мөр гарах үед мөрлөж хадна.

Хадалтын өндөр нь ургамлын өндөр, өтгөн сийрэгээс хамаарч 12-25 см байна. Хадсанаас хойш 5-7 хоногийн дараа тарианы түрүүн талаас цайруулна. Ангилсан тариаг мөрөн дээр нь 5-7 хоног хэвтүүлэхэд бороо орохгүй байх хугацааг сайн бодолцох хэрэгтэй. Мөрөн дээр нь олон хонуулах нь үрийг соёолуулж, үрийн чанар муутгах сөрөг талтай учир аль болох цөөн хоногт цайруулах хэрэгтэй. Ангилсан тарианы үрийн чийг хур тунадас багатай жил хоногт 1.65-0.9%-иар буурч байхад хур тунадас ихтэй жилүүдэд 0-1.0% чийг буурдаг байна.

Ангилан хадалтын хувьд:

Давуу тал нь:

  • Хураалтын хугацааг 6-8 хоногийн өмнө эхлэх боломжтой тул цаг хугацааг хожих боломжтой.
  • Намрын огцом хүйтрэлтэнд өртөх, салхи, бороонд налахаас хамгаална.
  • Хаягдал багасч үтрэм дээр хог ургамлын хольц бага, цэвэрлэгээний зардал бага, болц гүйцсэн хуурай тариа хураан авах нөхцөл бүрдэнэ.
  • Комбайны тохируулгыг сайн хийж, технологийн хугацаанд нь цайруулж чадвал бүтээгдэхүүнийг талбайгаас шууд борлуулах боломж бүрдэнэ.

Сул тал нь:

  • Ажлын 2 удаагийн явалтаар хураалт хийгдэх учир талбайн шууд зардал нэмэгдэнэ.
  • Хураах техникийн ачаалал нэмэгдэнэ.
  • Хугацааг зөв сонгоогүй нөхцөлд ангилан хадсаны дараа бороо орвол мөрлөсөн тариа ургаж ургац буурах, үрийн чанар доройтох сөрөг үр дагавартай.

 

2.2. Шууд хураалт хийх нөхцөл:

Тухайн талбайд тариа бүрэн жигд боловсорсон, хогтолт хэнзлэлт бага өндөр ургацтай тариа эсвэл сийрэг ургасан намхан тариаг 15-30 см өндөрт бүрэн болцын үед шууд цайруулна. Шууд хураалтыг үрийн чийг 18 хувиас бага болсон үед хураах нь тохиромжтой. Мөн бороо хур их цаг уурын хувьд тогтворгүй жилүүдэд шууд хураалт хийнэ.

2.3. Үр тарианы болцыг түргэтгэх арга:

Хамгийн эхний илүү үр дүнтэй арга нь талбайг салхилуулах, үүний тулд талбай тус бүхрийг тойруулан захалгаа хийх, зарим том хэмжээний талбайг хэд хэдэн хэсэгт дундуур нь зурвас татах нь явдал юм.

Талбайн болц түргэсгэх, хог ургамлыг устгах, үтрэмийн ажлын ачаалалыг бууруулах зорилгоор талбайд сеникаци /боловсролтыг түргэтгэх зохиомол арга хэмжээ/ хийх, дессикаци хийх, арга хэмжээ цаг алдалгүй хийх хэрэгтэй байна.

Сеникацийг буудайн сүүн болцын төгсгөл, аарцан болцын эхэн үед хийх ба уусмал нь 25 хувийн шүвтрийн шүү, 0.01 хувийн 2.4Д амины давс хольж бэлтгэсэн ажлын шингэнээр бороо хургүй, тогтуун өдөр шүршиж хэрэглэж байсан туршлага байна.

Сүүлийн жилүүдэд технологи өндөр хөгжсөн орнуудад дессикацийг үр тарианы болц оройтсон үед  хураалтаас 20 хоногийн өмнө раундап гербицидыг 1 га талбайд 1 л нормоор цацаж хэрэглэдэг болсон ба манай орны нөхцөлд зарим тариаланчид энэ аргыг хэрэглэж эхлээд байна. УГТХүрээлэнд хийсэн судалгаагаар дессикаци хийхэд хэвийн болцтой талбайд үрийн чийгийг эхний 7 хоногт 5,9 хувиар, 14 хоногт 3,8 хувиар, 21 хоногт 2,2 хувиар илүү бууруулж байгааг тогтоожээ.

Зусах буудайн үр боловсролтын үе шат

Үрийн хөгжилт

Үрийн чийг

Шинж тэмдэг

Үе шатны үргэлжлэх /7 хоног/

Үр

Навч, иш

Аарцан болцын дунд

35-25

Үр шар, эндосперм гурилархаг юмуу шилэрхэг, хумсаар зүсэгдэнэ.

Шарласан навчнууд унаж, иш хатуурч, харин үр цайрч унахгүй

2-3

Аарцан болцын төгсгөл

24-21

Үр хумсаар зүсэгдэхгүй зөвхөн мөр гарна. Гэвч үр өөрөө цайрахгүй. Уурагжих процесс төгсөнө.

Шарласан навчнууд унаж, иш хатуурч, харин үр цайрч унахгүй

1-2

Бүрэн болцын эхлэл

20-18

Үрийн хэмжээ, хэлбэр, өнгийн хувьд сортын шинжээ бүрэн олж, хатуурна

Сүрэл нь шар болж, иш хугарахгүй, үр цайрч унахгүй

1-2

Бүрэн болцын төгсгөл

17, түүнээс дээш

Үр маш их хатуурч цайруулах үед гэмтэнэ, бяцарна.

Иш хэврэг, түрүү хугарамтгай болж үр амархан цайрч асгарна.

 

 

Бусад анхаарах зүйлс:

ХХААХҮЯам, Аймаг орон нутгийн хэмжээнд:

  1. Тариа хураалтын үеийн цаг агаарын мэдээг эртнээс бэлтгэн тариаланчдад хүргүүлэх.
  2. Тариа хураах техникийн хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай сэлбэг хэрэгсэл тоног төхөөрөмж болон шатах тослох материалын хангамжид анхаарах, ялангуяа үтрэмийн цэвэрлэгч машинд хэрэглэх 1.5 мм голчтой шигшүүр /таваарын буудай/ 2.2 мм голчтой шигшүүр /үрийн буудай/ бэлтгэхэд онцгой анхаарах.
  3. Харьцангуй чанартай бөгөөд ургац сайн, болц гүйцсэн бүс нутагаас ирэх жилийн үрийг эхний ээлжинд бэлтгүүлэн Улсын үрийн нөөц болон ТЭДСанд хадгалах. Үүний тулд дээрхи бүс нутаг, талбайнуудад сортын хянан баталгаа хийх арга хэмжээг шуурхай зохион байгуулах.
  4. Ургацын балансаас үндэслэн гадаадаас улаан буудай импортлох нөхцөлд үрийн улаан буудайг бус, хүнсний буудай импортлох зарчим баримтлах.
  5. Гурилын үйлдвэрүүдэд тушаах буудайн үнийг эртнээс зөвшилцөх
  6. Зах зээлээс алдагдсан аймаг сумдуудад буудайн борлуулалтад дэмжлэг үзүүлэх, үүний тулд бүс нутагт агуулах барих, гадаад зах зээлд нийлүүлэх боломжийг хангах, улаан буудайн урамшуулалыг тээвэрлэлтийн зайг харгалзан ялгавартай тогтоох.
  7. Тариалангийн орчин цагийн дэвшилтэд техник технологи, үр сортын бодлого, ач холбогдол, химийн бодисийн хэрэглээний талаар сургалт зохион байгуулах, мэдээлэлжүүлэх.
  8. Дессикаци хийхээр бол химийн бодисын нөөц бүрдүүлэх.

 

Аж ахуй нэгжүүдийн хувьд:

Тарианы болц, техник хүн хүчний хангамж, энэ намрын цаг агаарын төлөв байдал зэргээс үндэслэн аж ахуй нэгжүүд талбай тус бүрээр хураах ажлыг зөв зохион байгуулах хэрэгтэй. Үүнд:

  1. Тарианы болцыг зөв тодорхойлж, хураалтыг маш богино хугацаанд гүйцэтгэх. Буудайг бүрэн болцоос хойш 7-10 хоноод хураах хаягдал 7-15% нэмэгддэг бол ангилсан тариа мөрөн дээрээ 10-с дээш хоноход ургац нь хоног тутамд 0.5%-иар хорогдоно. Хаягдал аль болох бага байлгахын тулд 1 талбайг 4-7 хоногт, нэг аж ахуй нэгжийн хэмжээнд 10-15 хоногт хураалтыг дуусгахаар ажлаа зохион байгуулбал зүйтэй.
  2. Оройтож боловсорч байгаа ногоон тариаг захалгаа хийх, зурваслан хадаж салхилуулах, шаардлагатай үед ангилан хадах бэлтгэлийг хангах.
  3. Бүх хураах техникийг сүрэл цацагч төхөөрөмжөөр тоноглох, сүрлийг талбайд бүрэн цацах.
  4. Аливаа аж ахуй нэгж нь тарилт, хураалтыг агротехнологийн хугацаанд нь багтаан тарих, хураах техникийн хангамжийг бүрдүүлэх, хураах дэс дараалал, цаг хугацаанд төлөвлөж хэрэгжүүлж сурах.
  5. Намрын цаг уурын төлөв байдалтай хураах арга, хугацааг уялдуулж зөв төлөвлөх.
  6. Хураах техникийн бүрэн бүтэн байдлаас гадна тарианы болц, өндөр, нам өтгөн шингэний талбайд тохируулан талбай нэг бүрд хураах техникийн хадах ба цайруулах ангийн тохируулгыг зөв хийх, үүнд хяналт тавих.
  7. Боловсон хүчин техникийн операторчдын тогтвор сууршил, мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх, хураах талбайд техникийн зөв тохиргоо хийх чадварыг эзэмшүүлэх.
  8. Үтрэмийн талбайг бэлтгэх, ажиллах хүн хүч, техникийн хангамжийг бүрдүүлэх, талбайн хураалтын ажилд саад болохооргүйгээр зохион байгуулах.
  9. Тариалангийн талбайг малаас хамгаалах арга хэмжээг эртнээс тууштай зохион байгуулах, алсдаа тариалангийн талбайг хашаажуулах, тариалангийн талбайг хамгаалсан хашааг эвдэхгүй байх, эвдвэл өндөр хэмжээний торгууль төлбөр тогтоох хууль эрх зүйн орчин бүрдүүлэх.


Эх сурвалж: ХХААХҮЯ, Улсын ургацын комисс, Дархан-Уул аймаг УГТХүрээлэн