ЛОНДОН. /BBC/. Эхэлж буй шинэ долоо хоногт болох онцлох, сонирхолтой үйл явдлуудыг Их Британийн “BBC” суваг онцолжээ.


  • Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалын төлөөх өрсөлдөөн эхэлнэ


Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйн хувьд маш завгүй долоо хоног болж өнгөрлөө. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, Нормандад холбоотны цэргүүд буусны ойн арга хэмжээнд оролцохоор Францыг зорьж, баасан гарагт Консерватив намын даргын албан тушаалаасаа огцорсон юм. Гэсэн хэдий ч тэрбээр ирэх долдугаар сарын эцэс хүртэл Ерөнхий сайдын албыг үргэлжлүүлэн хаших бөгөөд түүний халааг авах хүнийг сонгох өрсөлдөөн энэ долоо хоногт эхэлнэ. 


Ерөнхий сайд, Консерватив намын албан тушаалд нэр дэвших хүмүүсийн хүсэлтийг хүлээн авах хугацаа орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө эхэлж, оройн 17 цагт дуусна. Их Британийн хамгийн нэр нөлөө бүхий албан тушаалд нэрээ дэвшүүлнэ гэдгээ тус улсын Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн сайд Майкл Гоув тэргүүтэй төлөөлөгчид илэрхийлээд байна. 


  • Ассанжийн шүүх хурал болно


Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж энэ долоо хоногийн лхагва гарагт Лондон хотод шүүх хуралд оролцоно. АНУ-ын Засгийн газрын нууц мэдээллийг олон нийтэд дэлгэсэн хэрэгт холбогдуулан өөрийг нь тус улсад шилжүүлэн өгөхийг Ж.Ассанж эсэргүүцэж байгаа юм. 


Уг шүүх хурлыг анх тавдугаар сарын 30-нд товлосон боловч Ж.Ассанжийн өмгөөлөгч өвчтэй байсны улмаас хойшлуулжээ. Тухайн үед “Wikileaks” цахим хуудаснаас мэдээлснээр, түүний өмгөөлөгчийн биеийн байдал улам муудсаар байгаа бөгөөд жин нь маш их буурсан ажээ. 


Ж.Ассанж 2012 онд Лондон хот дахь Эквадорын Элчин сайдын яамнаас улс төрийн орогнол хүсэж байсан билээ. Өдгөө 47 настай Ж.Ассанжийн орогнох эрхийг Эквадорын ЭСЯ өнгөрсөн тавдугаар сард цуцалсны дараа түүнийг Лондон хотын цагдаа нар баривчилсан юм. Мөн Лондон хотын шүүх түүнд барьцаагаар сулласан нөхцөлийг зөрчсөн хэрэгт холбогдуулан 50 долоо хоног хорих ял ногдуулсан юм. Тэрбээр одоо Лондон хотын Белмарш шоронд ял эдэлж байна. 


Хэрэв Ж.Ассанжийг бүх хэрэгт холбогдолтой болохыг тогтоовол тэрбээр 175 жилийн хорих ял сонсож магадгүй аж. 


  • Эртний эдлэлийн талаарх маргаан


ОХУ болон Украин үнэ цэнэтэй алтан эд өлгийн зүйлсийн цуглуулгын асуудлаар олон жилийн турш маргасаар иржээ. Крымийн музейнүүдээс гаралтай эртний гоёл чимэглэл, эрдэнийн чулуу, хуяг дуулга зэрэг 2000 гаруй эд зүйл нь хууль зүйн урт хугацааны маргааны шалтгаан юм.


2014 оны гуравдугаар сард Оросын хүчин Крымийг нэгтгэх үед дээрх эд өлгийн зүйлсийг Амстердамын музейд түр хэрэглүүлэхээр өгсөн ажээ. Тухайн үеэс хойш Нидерланд улсад хадгалагдаж байгаа эртний эд зүйлсийг Орос, Украины аль аль нь өөрсдийнхөө өмч хэмээн мэдэгддэг байна. 


Мягмар гарагт Нидерландын шүүх дээрх хэргийн талаарх эцсийн шийдвэрээ гаргаж, эрдэнэсийн зүйлсийг аль талд шилжүүлэн өгөхөө шийднэ.


  • Видео тоглоом сонирхогчдын үзэсгэлэн болно


Видео тоглоом сонирхогчдын дэлхийн хамгийн том арга хэмжээнүүдийн нэг мягмар гарагт АНУ-ын Лос-Анжелес хотноо болно. 20 гаруй жилийн турш зохион байгуулж буй “E3 Expo” үзэсгэлэнгийн үеэр видео тоглоомын салбарын томоохон компаниуд хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнээ танилцуулна. Өнгөрсөн жилийн арга хэмжээнд 70 мянга орчим хүн оролцож байжээ.


Энэ удаагийн үзэсгэлэнд видео тоглоомын салбарын томоохон төлөөлөгчдийн нэг “Sony” компани оролцохгүй гэдгээ мэдэгдсэн нь олон хүний сэтгэлийг гонсойлгожээ. Гэсэн хэдий ч видео тоглоомын зах зээлийг сонирхогчид энэ жилийн арга хэмжээг тэсэн ядан хүлээж байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг