Өдөр хоног өнгөрөхийн хэрээр бидний эдэлж хэрэглэж буй юмс бүхэн илүү ухаалаг, илүү дэвшилттэй болж байгаа билээ. Тэгвэл энэ онд ямар, ямар онцлог бүхий бүтээгдэхүүнүүд гарч байгаатай танилцья.

1. Sony FX3: Хэт жижиг боловч мэргэжлийн шилдэг камер

Сони компанийн үйлдвэрлэсэн энэ кино камер нь тэдний худалдаанд гаргаж байгаа хамгийн хямд, овор багатай гэдгээрээ онцлогтой. Тус камер нь ердийн зурагчдаас илүү кино зураглаач нарт зориулагдсан бөгөөд урт хугацааны турш ультра HD форматтай, секундэд 120 дүрс бүхий бичлэг хийх чадалтай. 

Хайрцагтаа нам өнцгөөс бичихэд зориулагдсан бариул дагалдах энэ камер өөртөө аудио холболтын нэмэлт оролтуудтай, гүйж байх үед бичлэг хийхэд дүрс тогтворжуулагчтай. 

Үүнийг Сони компаниас шинээр гаргах Айрпийк дронтой хослуулан хэрэглэхэд үнэхээр тохиромжтой гэнэ. 715грамм жинтэй энэхүү камер хэдий халаасанд арай том боловч хүссэн газраа цүнхлээд явахад тохиромжтой, хөнгөн, жижигхэн юм. 


2. Xbox утасгүй чихэвч

Xbox X, S цувралд дагалдуулан гаргаж буй компьютер тоглоомын зориулалттай чихэвч нь үнийн хувьд харьцангуй үнэтэй ч маш олон давуу талтай. 

Хамгийн сүүлийн үеийн орчны чимээ тусгаарлагч зөөлөвчтэй, орчны дуу чимээ татахгүй микрофонтой.

Мөн микрофон нь таныг ярихаа зогсоовол автоматаар дуу хаах тохиргоотой. 


3. Xiaomi Mi Air Charge: Бичил долгионоор цэнэглэгч

Зарлахад хэдий эрт ч гэлээ Xiaomi "Mi Air Charge" нэртэй агаараар цэнэглэгчийнхээ туршилтын загварыг олонд үзүүлэхдээ энэ жил худалдаанд гаргана гэдгээ зарлажээ. Энэ төхөөрөмж нь 144 бичил антен ашиглан нарийн долгионы тусламжтайгаар таны утсыг цэнэглэх гэнэ. 

Туршилтын загвараас үзвэл тухайн цэнэглэгч байгаа өрөөнд орох төдийд л утас тань автоматаар цэнэглэгдэж эхлэх бөгөөд халаасандаа хийсэн байсан ч төвөггүй ажээ. Түүнчлэн тус төхөөрөмж байрлах өрөөнд буй бүх л зүйлсийг зэрэг цэнэглэх боломжтой юм.


4. Vaonis Vespera ухаалаг телескоп: Аппликейшний тусламжтайгаар оддыг харна

Бидний мэдэх телескопууд овор ихтэй бөгөөд үргэлжид нүдний дурантай байж ирсэн. Тэгвэл энэ телескопын онцлог нь өөрийн аппликейшний тусламжтай гариг эрхсийн дүрсийг татаж, Wi-Fi сүлжээнд холбосон даруй таны утас эсхүл таблет руу дүрсийг шууд дамжуулах юм. Ингэснээр та шөнийн тэнгэрийг дурандах гэж заавал гадаа зогсох хэрэггүйгээр гэртээ, дулаан хөнжилдөө хэвтэж байхдаа ч оддыг ширтэж болох болжээ.

Утасны аппликейшний тусламжтайгаар та телескопыг удирдаж, хүмүүсийн онцолж хардаг, гайхалтай үзэгддэг оддын жагсаалтаас сонгон сонирхох боломжтой юм.Тэгэхдээ шууд дамжуулалтыг хараад л өнгөрөх бус зургийг нь авч, хүсвэл найзуудтайгаа ч хамт үзэж болох гэнэ. 

Мөн та заавал шөнийн нойроо хугаслан байж оддыг ажих шаардлагагүй бөгөөд харахыг хүссэн од эрхсийнхээ аль өдөр тод томруун харагдах огноог сануулж өгөхөд телескоп таныг унтаж байх хойгуур зургийг нь буулгасан байх болно.

Яг одоогийн байдлаар тус бүтээгдэхүүн 2022 онд худалдаанд гарах төлөвтэй байгаа ч Стеллина хэмээх арай хуучин хувилбар нь одоо ч худалдаалагдаж буй.


5. Samsung Smart Monitor M7 series: Ухаалаг зурагт, Мак, суурин компьютерт зориулагдсан хайбрид загвар

Шинэ загварын ультра HD нягтшилтай энэ дэлгэц ердийн л нэг компьютерын дэлгэц биш юм. Энэ нь ухаалаг зурагт, Мак болоод суурин компьютерт зориулагдсан хайбрид загвар.

Өдрийн цагаар та тус дэлгэцийг өөрийн зөөврийн компьютертой USB-C залгуураар холбоход таны компьютерын дэлгэц шилжих бөгөөд та зөөврийн компьютероо цэнэглэх гэж дахин нэг залгуур холбох шаардлагагүй болно. 

Харин оройн цагаар Wi-Fi сүлжээний тусламжтайгаар та ухаалаг утсаа дэлгэцтэй холбож хүссэн зүйлсээ үзэх боломжтой. Түүнчлэн тус дэлгэц нь өөртөө ухаалаг цэстэй, удирдлага дагалдаж ирдэг тул та ердөө л нэг зурагтын адил ч ашиглаж болох гэнэ шүү.

Хэрэв та гэртээ ажиллах нөхцөлөө сайжруулахыг хүсвэл энэ яалт ч үгүй таны ажлын орчинг чимэх бүтээгдэхүүн юм.


6. Oral B IO: Угаагүй хэсгийг мэдрэгч сойз

Энэ автомат шүдний сойз үнэхээр л ид шидийн мэт ажилладаг. Сойз нь өөртөө олон төрлийн мэдрэгчтэй бөгөөд тэдгээр нь хөдөлгөөнийг хянаж, дутуу угаасан хэсгүүдийг тань хэлж өгнө. Мөн олон төрлийн тохиргоо нь таны шүдээ хэрхэн угаахыг хүсч байгаа хүсэлд нийцэн ажиллах юм.


7. Superstrata унадаг дугуй: Таны биеийн хэмжээ, өндөрт тааруулна

Хэрэв та унадаг дугуйндаа маш их ач холбогдол өгдөг нэгэн бол энэхүү брендийг сонирхоод үзээрэй. Тэд таны биеийн хэмжээ, өндөрт тааруулан таны хүссэн дугуйг зөвхөн танд, цор ганцаар үйлдвэрлэж өгөх юм. Одоогийн байдлаар тус бренд худалдан авагчиддаа зориулан 500 гаруй боломжит хувилбарыг санал болгож байгаа.

Харин шууд худалдаанд хоёр унадаг дугуй байгаа нь Terra болон Ion и-унадаг дугуй юм. Ion и-унадаг дугуй нь зайгаар ажилладаг бөгөөд нэг дүүрэн цэнэглэлтээр 55 миль явах хүчин чадалтай.


8. WAKEcup: 3 минутын дотор саван доторх бактерийн 99.99 хувийг устгана

Таны усны сав хэр цэвэрхэн бэ? Хэн мэдэх вэ? Гэсэн ч усны сав авч явдаг хүн бүр тэр жижигхэн амсраар багтаж ёроолыг нь угаах ямар хэцүү гэдгийг мэднэ. Тэгвэл энэхүү өөрийгөө цэвэрлэгч усны сав нь таглаандаа хэт ягаан туяаны гэрэлтэй бөгөөд 3 минутын дотор саван доторх бактерийн 99.99 хувийг устгах гэнэ. 


Эх сурвалж: Science Focus