“Z” үеийнхний 77 хувь нь чөлөөт цагаараа ямар нэгэн ажил хийдэг гэсэн судалгаа бий. Тэд 2008 оны дэлхийн эдийн засгийн их хямралыг туулж өссөн учир мөнгөний үнэ цэнийг ойлгодог, багийн ажиллагааг эрхэмлэдэг. Үүний тод жишээ хөдөлмөрч, залуу үеийн түүчээ “Modernize Entertainment”-ийн захирал Э.Наранболдтой ярилцлаа.


-Ирээдүйд хэн гэж дурсагдахыг хүсэж байгаагаараа өөрийгөө танилцуулаач?

-Би СУИС-ийн Радио, Телевиз, Медиа Урлагийн сургуульд найруулагчийн мэргэжлээр суралцдаг. Мөн “Мodernize Entertainment”-ийг үүсгэн байгуулагч. Ирээдүйд дэлхийд танигдсан чадварлаг найруулагч болохыг хүсдэг. 


-“Modernize Entertainment”-ыг хэзээ байгуулсан бэ?

- Энтертайнментийнхаа эхлэлийг яръя гэвэл багшийгаа дурдах хэрэгтэй болно. “Төгс хөгжил” хүүхдийн продакшны Буянтөгс багшаараа кино зураг авалт, найруулга, жүжигчний ур чадварыг заалгасан. Энэ том урлагийн замыг зааж өгсөн ачтай хүн.  

Албан ёсоор энтертайнмент болоод жил хагас болж байна. Үүнээс өмнө 10 дугаар ангидаа найз, дүү нартайгаа хамтраад жижиг видео контентууд хийж эхэлсэн. Бага багаар сайжраад эвлүүлгийн чанар, гэрэлтүүлэг гээд бүх зүйл дээрээ анхаардаг болсон. Ингээд бодохоор 2016 оноос хойш богино видеонууд дээр ажиллаж, жилийн өмнөөс тусдаа  статустай болж, албан ёсоор кино контент хийж эхэлсэн.



-Кино хийнэ гэдэг амаргүй ажил, анхны бүтээлээ дурдахгүй юу?

-Бидний кино хийж эхэлсэн түүх их сонирхолтой. 2018 онд дөнгөж 17-хон настайдаа “Үхлийн зугаалга” гэдэг богино хэмжээний кино хийж байлаа. Тухайн үед Youtube хуудсанд байршуулахад бараг сая гаруй хандалт авсан л даа. 



-Хүмүүс хэр хүлээж авсан бэ?

-Үнэндээ ихэнх нь сөрөг сэтгэгдэл үлдээж байсныг нуухгүй. Зарим хэсэг нь залуу хүүхдүүд гэхэд боломжийн хийжээ гэж урам өгсөн.

Хэдий үнэхээр сайн үнэлгээ авч чадаагүй ч тухайн үед бид нарт нэг мэдрэмж үлдсэн. Тэр нь ямар ч байсан биднийг үзэх үзэгч байдаг юм байна гэсэн итгэл. Үүнээс хийсэн бүтээл болгоноосоо сурч, шат шатаар чанарт анхаарч ажилласаар ирсэн. Үзэгчид ч гэсэн танай контент чанаржиж байна шүү гэж хэлэхээр бүр ч ихээр урам авч ажилладаг даа. 


-Одоо бол сошиалд тун идэвхтэйгээр видео контентууд хийж байгаа шүү дээ. Ихэвчлэн ямар төрлийн контент хийж байна вэ?

-Бид сошиал хуудсанд видео, богино хэмжээний контентийг тогтмол оруулах зарчмаар ажилладаг. Ингэж байж бид нийгэмд өөрсдийгөө илүү таниулна, чадвараа ч сайжруулна. 


-Том кино бүтээлийн ард гарахад хэр их хугацаа зарцуулдаг вэ?

-Техник хэрэгсэл төдийгүй ур чадварын хувьд ч одоо түвшин ахисан. Тиймээс контентоо тогтмол оруулъя гэж шийдсэн л дээ. 2019 оноос хойш жилдээ 1-2 бүрэн хэмжээний кино, цуврал бүтээл хийж IPTV-гээр дамжуулан үзэгчдэд хүргэдэг болсон. 


-Та нар бусдаас юугаараа ялгарах вэ?

-Манай багийн гол онцлог нь кино зохиол, зураг авалт, найруулга гээд жижиг деталь дээрээ хүртэл өөрсдөө ажилладагт байгаа юм. Бид нар Gen-Z, залуу үеийнхэн гэж хоосон ярихаас илүүтэй хийж харуулахыг илүүд үздэг.



-Gen-Z үеийнхний онцлог ганцаараа биш баг хамт олноор ажиллах илүү хүсэлтэй болсон шүү дээ. Та нар ч ялгаагүй тун олуулаа юм аа. Хэрхэн багаа бүрдүүлсэн бэ?

-Манай багийг атгасан гар шиг 15 залуусын нэгдэл гэж ойлгож болно. Бүгдээрээ мөнгөний үнэ цэн, хөдөлмөрийн үр шим хичнээн чухал гэдгийг ойлгочихсон залуус. Хэдий мөнгө чухал гэлээ ч үүнээс илүү зүйл гэж бий. Нэг зүйл ч гэсэн мэдэж авъя, бүтээе, суръя гэсэн зорилго биднийг нэгтгэж, уран бүтээл дээрээ гар сэтгэл нийлүүлдэг. Мэдээж хөдөлмөрөө үнэлүүлэхгүй байж болохгүй шүү дээ. Үндсэн философи нь чи юу тарина  түүнийгээ хураана гэсэн л бодолтой явдаг. Ер нь их том зорилго урдаа тавьсан хүмүүс.


-Сүүлд ямар уран бүтээл дээр ажилласан бэ?

-Өнгөрсөн оны сүүлээр манай энтертайнмент “Бидэн дунд” цуврал киноны зураг авалтад гарсан. Манай кинонд сүнс, эрлэгийн элч гээд фантаз дүрүүд бий. Киноны гол агуулга гэвэл зуурдаар нас барсан хэдэн залуу завсрын ертөнцөд очоод ширээ тойрч суугаад яаж үхсэн талаараа ярьснаар киноны үйл явдал эхэлдэг. 

Ингээд тэдний түүх болгоноор нь хуваагаад цуврал хийсэн юм. Киногоо хийхдээ гэрэл, план тавилтаас эхлээд кадр болгоныг нь гадны кино бүтээлийн жишигт ойртуулах гэж их хичээсэн л дээ. 

Хэрвээ манай киног үзэхийг хүсвэл “Wemax.mn” кино сайтад байршсан байгаа. Мөн бусад IPTV-гээр байршуулахаар одоо ажиллаж байна.



-Кино зохиолоо хэр удаан бичсэн бэ?

-Би “Бидэн дунд” киноныхоо зохиол дээрээ бараг жил гаруй суусан. Анхаарч, хугацаа зарцуулахаас өөр аргагүй. Яагаад гэвэл киноны гол амин сүнс бол зохиол. Тиймээс зохиол дээрээ маш нямбай ажилладаг даа. Нэг бичээд эхэлвэл шөнө өдрийг мартаад суучихдаг. Шөнө ажилладаг төрлийн хүн, илүү төвлөрч, гол санаагаа сайн гаргаж байгаа юм шиг санагддаг. 



-Танай бичлэг сүүлийн үед сошиал орчинд их алдартай болсон. Ямар бичлэгээс, хэзээнээс ингэж их хандалт авч эхлэв?

-Үнэхээр сайхан асуулт байна. Бид нар 2017 онд “Сүнстэй байшин гээд” цуврал хийж байсан юм. Нэг анги нь ойролцоогоор зургаахан минут. Тэр цуврал Youtube дээр 1.2 сая хандалттай яваа. Бичлэгээ оруулаад л ганцхан өдрийн дотор 100 мянган хүн үзчихсэн. Энэ цувралаас бид айхтар ашиг олоогүй ч маш их урам зориг, мотиваци авсан.  “Сүнстэй байшин” цувралаас манай дагагч, хандалтын тоо огцом өссөн. 


-Манай кино урлагт уянгын, триллер, инээдмийн кино зонхилдог. Гэтэл яагаад заавал фантаз төрлөөр кино хийхээр шийдсэн юм бэ? 

-Би Солонгос кино, дуу хөгжмийг их сонирхдог л доо. Солонгосын хөгжмийн урсгалыг дэлхий нийтээрээ яагаад ингэж шимтэн сонсоод, цуврал драмаг нь ингэж их хүн үзээд байна вэ. Сонирхолтой байгаа биз дээ. Үүнийг сонирхон судалдаг. Би гэхэд бүр 12-13 настайгаасаа л солонгос драм үзэж эхэлсэн юм байна лээ. Одоогоор бараг 300-аад цуврал үзэж дуусгасан.

Сүүлд үзсэн киноноос “Hotel Del Luna” хамгийн сонирхолтой, фантазтай санагдсан. Энэ төрөл рүү илүү төвлөрч  ажиллана гэж боддог учраас тэр байх. Бүх цаг үеийн шилдэг драм гэвэл “Нарны үр сад” “Гоблин” хоёр юм даа. Эдгээр киног үзээд амьдралд үнэхээр ийм зүйл тохиолдвол ямар вэ, би оронд байсан бол яах вэ гэсэн бодол төрүүлдэг. 


-Зураг авалтаас юуг нь онцолж хардаг вэ?

-Зураг авалт, графикийг нь хардаг. Бас нэг анхаарал татдаг зүйл нь гол дүрийн сонголт. Үнэхээр царайлаг, сэтгэл татам хүнийг сонгож тоглуулж чадаж байна. Энэ нь маш том зах зээлийг бий болгодог. Яг үүн шиг Монголчууд ч гэсэн яагаад ийм зүйл хийж болохгүй гэж. Бидэнд царай, авьяас гээд бүгд бий. Харин хөдөлмөрлөх л үлдсэн. 


-Нэгэнт л кино ярьсных К-Поп ч гэсэн сонсдог байж таарна…?

-Сонсолгүй яахав. Зүгээр нэг сонсохоос илүүтэй тэндээс маш их зүйл сурдаг. План тавилт, найруулга, графикаа яаж хийснийг нь хардаг. Одоо бол BTS, Blackpink хамтлагийг түлхүү сонсож байна даа. 



-Нийгмийн нэг сөрөг хандлага байна л даа. K-Pop сонсогчдыг гадуурхах, үл хүндэтгэх ч гэх юм уу? Энэ талаар таны бодол?

-Юун түрүүнд ямар их хөдөлмөр зарцуулж энэ өндөрлөгт хүрснийг нь бодвол хүн арай өөрөөр ойлгох бол уу. BTS хамтлаг л гэхэд жилд улсдаа 3.5 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийж байна шүү дээ. Монголд BTS шиг хоёр хамтлаг байхад л эдийн засаг сэргээд л ирнэ. 

Нэг ч удаа Монголд ирээгүй байхад л захын K-Pop групп 70 мянган гишүүнтэй. Ингээд харахаар тэд хийж чадаж бас үзүүлж ч чадаж байна. Яахав гол буруу ойлголт нь сонсогчид нь хэт туйлшраад, шүтдэг хамтлаг дуучнаа өмөөрөөд эцэг эх шигээ үзэж байгаад л юм болов уу.


-Жүжиглэх сонирхолтой гэхдээ хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа хүүхэд, залууст зориулж та нар сургалт явуулдаг уу?

-Манайх жүжгийн болон бүжиг, хэл ярианы сургалт явуулж байна. Мөн Азийн Модел агентлагтай хамтраад алхаа гишгээ, биеэ хэрхэн зөв авч явах зэрэг сургалтыг ордог. Би өөрөө ч гэсэн суралцаад явж байгаа болохоор хамтдаа өсөн дэвжиж, сурах хүсэлтэй хүн бүрт манай хаалга үргэлж нээлттэй. Гэрээгээр жүжиг, дуулаачийн багш нарыг урьж ажиллуулдаг. Ирээдүйд заавал энэ чиглэлээр сурах албагүй ч энэ төрлийн сургалтад сууснаар ямар ч хүн бие хүнийхээ хувьд маш их хөгждөг. Наад зах нь хүнтэй зөв харилцаж сурна, нүүр хагарч, нээлттэй, өөртөө итгэлтэй болдог нь илт анзаарагддаг.



-Багийн гишүүд нь ямар, ямар мэргэжлээр суралцдаг вэ?

-Бид нарын хийж байгаа ажил кино урлагийн нэг төрөлд хамаарах ч бидний сурч буй мэргэжлүүд тун өөр. Манайхан инженер, сэтгэл зүйч, хуульч гээд янз бүрийн мэргэжлээр сурдаг. Бүр арван жилээ төгсөөгүй дүү нар ч бий. 

Мэргэжлийн чиглэлээс үл хамаараад биднийг нэгтгэж байгаа ганц зүйл бол хүсэл мөрөөдөл. Өөр шалтгаан ч хэрэггүй.


-Өвөртөлж яваа том зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Ойрын үеийн зорилго маань энэ ондоо багтааж охид, хөвгүүдийн хамтлаг энтертайнментаасаа гаргах. Энтертайнмент болсон шалтгаан маань бараг энэ л дээ. Миний буурай эмээ, ээж хоёр үндэсний өв соёл, язгуур урлаг, бие биелгээг нийтэд таниулах, хадгалан үлдэх үйлсэд насаараа зүтгэж яваа хүмүүс. 

Би ч гэсэн үндэсний өв соёл, орчин үеийн хэв шинжийг хослуулсан хамтлаг гаргах зорилготой. Хамтлагаа дэлхий нийтэд таниулах холын зорилго өвөртөлж явна.


-Та бүхэнд уран бүтээлийн амжилт хүсэе.