Коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хүргэлээ. 

Өчигдөр улсын хэмжээнд 12.252 хүнд коронавирус илрүүлэх PCR шинжилгээ хийснээс 50 хүнд коронавирус илэрлээ. Эдгээр тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Батлагдсан тохиолдлууд "Монгол шир" арьс ширний үйлдвэр, "Mix pizza", Гутлын цех, СХД-ийн худалдааны төвтэй холбоотой гэр бүлийн ойрын хавьтлууд байна. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт 2073 тохиолдол бүртгэгдсэнээс 72 хувь нь буюу 1493 хүн эдгэрээд байна. Сүүлийн 24 цагийн дотор 30 хүн эдгэрч гэртээ гарчээ.

Халдварын тохиолдлууд гэр бүлийн болон ажлын хүрээнд ихэвчлэн гарч байгаа тул иргэд хүний бөөгнөрөл үүсгэхгүй, маскаа 2-3 цагийн зайтай сольж, хүн хоорондын зай барихыг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа онцоллоо.