Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр өнгөрсөн сарын 30-нд ирсэн иргэдээс авсан шинжилгээний хариу гарсан бөгөөд нэг хүнээс коронавирус илэрсэн тухай ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 39 болж байгаа юм.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

БНСУ-аас 278 иргэн ирсэн. Мөн нгөрсөн 24 цагт нийт 4 лабораторид 350 гаруй хүнээс шинжилгээ авсан. Нэг хүний шинжилгээ эерэг бусад нь сөрөг гарлаа.

Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарласан 25 иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүдэд тусгаарласан 6 хүн, Баян-Өлгий аймагт тусгаарласан 2 хүний шинжилгээний хариу “сөрөг” гарсан Мөн тандалтын зорилгоор Налайх, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Дорноговь аймгийн эмнэлгээс тандалтын зорилгоор авсан 26 сорьцийн хариу ч сөрөг гарсан.

Франкфурт руу нисэх гэж байсан иргэнээс коронавирус илрээд зогсохгүй тараасан гэх худлаа мэдээлэл тараад байна. Өчигдөр буруу ташаа мэдээлэл өгч байгаа хүмүүсийг олж илрүүлэх хэрэгтэй. Ингэж буруу мэдээлэл тараах нь хүний дархлааг сулруулна.

Бид 11.00 цагаас баталгаатай мэдээллийг өдий хүртэл амралтгүй хүргэж ажиллаж байна. 

Тухайн иргэнээс коронавирусийн эсрэг бие үүссэн. Энэ нь тухайн хүн коронавирусийн халдварыг аваад хөнгөн хэлбэрээр эдгэсэн гэсэн үг. Ингэхдээ тухайн вирус биед нь эсрэг биеэ үлдээгээд явчихдаг юм. Вирус үхчихсэн, орж ирээд гарсан гэдгээ үлдээсэн хэрэг. Үүнийг л ташаа ойлгоод коронавирус илэрчихлээ гээд иргэдийг амраасангүй. 

Өвдөөд эдгэрсэн хэдий ч ойрын 15 хүний шинжилгээг маш шуурхай хийхэд бүгд сөрөг гарлаа. Энэ хүн Бельгиэс ирээд 50 гаруй хоносон. Энэ өнгөрсөн хугацаанд ямар ч шинж тэмдэг илрээгүй. Хэрвээ вирус нь амьд байсан бол хажуу ойр тойрны хүмүүсээс нь вирус илрэх ёстой. Тэгэхээр тайван байж болно оо, та бүхэн маргаашийн амралтын өдрүүдээ тайван өнгөрөөгөөрэй.