Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагт мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "12 дугаар сарын 21-нд нийт 12.357 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Мөн өчигдөр 32 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан.

Илэрсэн 13 тохиолдол нь Баянзүрх дүүрэгт үүссэн халдварын голомттой холбоотой бөгөөд эмнэлгийн ажилтан 2, сахиур 2, өвчтөн 4, гэр бүлийн хавьтал 5 хүн байна. Бусад голомтод халдвар нэмж бүртгэгдээгүй. 

Баянзүрх дүүрэг дэх халдварын голомтод бүртгэгдсэн нийт тохиолдол 75 боллоо. Үүнтэй холбоотой халдварын тархалт нийслэлд энд тэнд байршиж буй учраас эрсдэл өндөр байгаа. Голомт болон хавьтлуудыг тандан судлах ажиллагаа үргэлжилж байна. Өчигдөр 113 шинэ хавьтлыг олж тогтоосон. Дээрх 75 тохиолдлын ойрын хавьтал нийт 1249 хүнийг илрүүлэн шинжилгээнд хамруулсан. Тэдний 240-ыг нь хоёр дахь давтан шинжилгээнд хамруулсан. Шинжилгээнүүд үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар:

  • Дорноговь аймагт нийт 32
  • Орхон аймагт нийт 25
  • Архангай аймагт нийт 3
  • Говьсүмбэр аймагт нийт 4
  • Дархан-Уул аймагт нийт 45 
  • Сэлэнгэ аймагт 216
  • Улаанбаатарт нийт 219 тохиолдол бүртгэгдсэн байна.

Улмаар манай улсад дотооддоо илэрсэн халдвар 544, нийт бүртгэгдсэн тохиолдол 1006 боллоо. Тэдний 53.7 хувь буюу 541 нь эдгэрсэн. 

Нийт 456 хүн эмчлэгдэж буйгаас 420 хүн хөнгөн, 29 хүн хүндэвтэр, 6 хүн хүнд, 1 хүний биеийн байдал маш хүнд байна. Нийт 9 хүн нутаг буцсан" хэмээн мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа