Коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Сүүлийн 24 цагт 14.283 хүнд шинжилгээ хийхэд 38 хүнд коронавирус илэрчээ. Тэдний 33 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бол 5 тохиолдлын голомт одоогоор тодорхойгүй байна.  Бүгд Улаанбаатарт бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1.928 тохиолдол бүртгэгдсэнээс 1.430 буюу 74 хувь нь эдгэрчээ. Эмчлэгдэж байгаа 454 хүнээс хөнгөн 388, хүндэвтэр 95, хүнд 1, маш хүнд 1 өвчтөн байна. Сүүлийн 24 цагт 32 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарчээ. 

"Сүүлийн үед  гэр хороолол болон нийтийн байрнаас халдвар илрэх нь их байна. Мөн  "Монгол шир" ХХК, Х апартмент, 21 дүгээр хорооллын супермаркет, Бэлхийн Гутлын цех, ББСБ-ын голомтууд идэвхтэй хэвээрээ байна. 

Гадуур хөл хөдөлгөөн ихэссэн, өвчлөлийн тархац хурдацтай байгаа энэ үед иргэд аль болох гадуур явахгүй байх, явах шаардлага гарвал гэр бүлийн төлөөллийг явуулах, маскаа зүүх зэрэг арга хэмжээг авч ажиллахыг хүсэж байна" гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа онцлон хэллээ.