Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр буюу нэгдүгээр сарын 31-нд нийт 5.433 хүнд PCR шинжилгээ хийсэн. Тэдний 35-аас нь коронавирус илэрсэн. Бусдаас нь илрээгүй. 

Тус 35 тохиолдол нь Улаанбаатарт бүртгэгдсэн бөгөөд олонх нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байна. Хоёр дахь ойрын хавьлуудын шинжилгээг хийх явцад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд амьдардаг хүний ойрын 8 хүнээс коронавирус илэрлээ. Улмаар Улаанбаатарт дээрх дүүргийн 21 хорооллын худалдааны төвд шинэ голомт нэмэгдлээ.

Өчигдөр Улаанбаатараас Сэлэнгэ аймаг руу 45 хүний суудалтай автобусаар зорчсон уул уурхайн ажилчдаас пост дээр түргэвчилсэн шинжилгээ хийхэд нэг хүний хариу эерэг гарч, PCR-аар коронавирустэй нь баталгаажсан. Түүнийг Улаанбаатарын өвчлөлд бүртгэсэн.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэгдсэн коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 980 боллоо. Бусад аймагт сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. 

Улсын хэмжээнд кластер өвчлөл 1306, Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдвар 1814 байна. Тэдгээрийн 1358 буюу 75 хувь нь эдгэрсэн. Нийт 443 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 1, хүндэвтэр 67, хөнгөн 375 хүн байна.

Сүүлийн 24 цагт 35 хүн эдгэрч, эмнэлгээс гэртээ гарсан" хэмээн мэдээллээ.