Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр буюу нэгдүгээр сарын 29-нд нийт 14.495 хүнд PCR шинжилгээ хийсэн. Тэдний 32-оос нь коронавирус илэрсэн. Бусдаас нь илрээгүй. 

Тус 32 тохиолдол нь Улаанбаатарт бүртгэгдсэн бөгөөд олонх нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байна. Мөн Интемед эмнэлэгт сайн дураараа түргэвчилсэн шинжилгээ өгсөн 4 хүний хариу эерэг гарсан. Тэдгээрийг PCR шинжилгээгээр баталгаажуулахад 4-үүлэнгээс нь коронавирус илэрсэн. 

Шинээр илэрсэн тохиолдлуудын халдварын эх уурхай, хавьтлуудыг тогтоох ажиллагаа үргэлжилж байна. 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэгдсэн коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 908 боллоо. Бусад аймагт сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Замын ажилд оролцохоор Дорноговь аймаг руу явсан нэг иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан. PCR шинжилгээнд хамруулахаар сорьцыг нь Улаанбаатар руу явуулсан.

Улсын хэмжээнд кластер өвчлөл 1234, Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдвар 1742 байна. Тэдгээрийн 1321 буюу 75.8 хувь нь эдгэрсэн. Нийт 408 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 1, хүнд 1, хүндэвтэр 53, хөнгөн 353 хүн байна" хэмээн мэдээллээ.

Мөн тэрээр "Сайн дураараа шинжилгээ өгсөн хүмүүсийн дундаас коронавирус илэрч байгаа нь хүн амын дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай хэлбэрийн өвчлөл явагдаж буй үзүүлэлт юм. Өвчлөл бүртгэгдэж буй гол голомт болох Баянзүрх дүүргийн Х апарментаас илэрсэн нийт тохиолдол 14, нэр бүхий пиццаны газрын ажилтан, ойрын хүмүүс болох нийт 11 хүнээс коронавирус илэрсэн. 

Иймд иргэд маш болгоомжтой байж амны хаалт зүүж, аль болох гадуур явахгүй байх хэрэгтэй. Гадуур хөл хөдөлгөөн маш их, замы түгжрэлтэй, үйлчилгээний газруудаар хүн олон байна. Шаардлагагүй бол дээрх газруудаар явахгүй байх нь зүйтэй гэв.