Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.

Тус хуралдаанаар зарим албан тушаалтныг ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Тухайлбал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга  Б.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Тэрээр гадаад руу явах болсон тул ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө өгсөн аж.

Түүнийг энэ оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон юм.

Б.Бямбадорж нь 1970 онд Өвөрхангай аймагт төрсөн.1988 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургууль, 1995 онд Анагаах ухааны их сургууль, 2002 онд Удирдлагын академи, 2015 онд АНУ-ын Харвардын Кеннедийн Төрийн захиргааны сургууль, 2017 онд Гүрэн дээд сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны доктор, дэд профессор цолтой. Удирдахуйн ухааны болон төрийн захиргааны менежментийн магистр зэрэгтэй. Эрүүл мэндийн удирдлагын зөвлөх зэрэгтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй.  

1988-1989 онд Халдварт өвчнийг анагаах клиникийн төв эмнэлэгт асрагч, 1994-1995 онд Нэгдсэн II эмнэлэгт сэхээний тасгийн эмч, 1996-1999 онд АУИС-ийн Клиникийн төв эмнэлэгт их эмч, 1999-2018 Улсын клиникийн төв эмнэлэг /I эмнэлэг/-т клиникийн эрхлэгч, эмчилгээ, сувилгаа эрхэлсэн захирал, Бөөр шилжүүлэн суулгалтын их эмч, Гемодиализийн төвийн эрхлэгч, эмчилгээ хариуцсан орлогч дарга, ерөнхий захирлаар тус тус ажиллаж байсан. 2018 оны нэгдүгээр сараас Эрүүл мэндийн сайдын зөвлөх, 2019 оны нэгдүгээр сараас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллажээ.