Шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар 2020 оны нэгдүгээр сарын 27-ны 10.00 цагийн байдлаар шинэ коронавирусээр 2796 хүн өвчилж, 80 хүн нас барсан байна. Үүнээс БНХАУ-д 2761, бусад оронд 35 тохиолдол бүртгэгдсэн. Нас барсан хүмүүс бүгд БНХАУ-д байна. 

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 461 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. 49 хүн бүрэн эдгэрсэн.

Өвөрмонголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. 

Монгол Улсад шинэ коронавирусын халдвар бүртгэгдээгүй. Энэ сарын 25-нд Шадар сайдын журмын дагуу салбар дундын багийнхны хийсэн үнэлгээгээр эрсдлийн зэрэг дундаас өндөрт шилжсэн. 

БНХАУ-ын 30 муж, Макао, Хонконг, Тайван, Сингапур, АНУ, БНСУ, Япон, Непаль, Вьеатнам, Франц, Канад, Австрали, Малайз гэсэн 14 оронд халдварын тохиолдол бүртгэгдсэн. Филиппин, ОХУ, Мексик, Итали, Англи, Финланд, Герман, Колумб, Бразил гэсэн 9 орныг сэжигтэй гэж үзэж байна" хэмээн мэдээллээ.