ЭМЯ-аас ээлжит хэвлэлийн хурал хийлээ. Өнөөдөр дэлхийн 86 улсад COVID-19 халдвар тархаад байгаа билээ билээ. Коронавирусийн шинэ голомт гэгдээд буй Өмнөд Солонгос улсад халдварын 518 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр нийт халдвар авсан хүний тоо 6284-д болов. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын дийлэнх нь зүүн өмнөд нутгийн Дэгү хот, Умард Гёнсан мужид илэрчээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица:

COVID-19 халдвар БНХАУ-д буурч байгаа олон улсад тархах төлөвтэй байна. Тухайлбал Солонгос, Европ, Ойрхи Дорнодын гурван оронд голомтлон тархаж байна.

Сүүлийн 2-3 долоо хоногийн хугацаанд Олон улсын байгууллагууд КОВИД-19 халдварын эсрэг аянд нэгдэж, Монгол Улстай хамтарч ажиллаж байна. Монгол Улсад КОВИД-19 халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч төр засгаас дэмжлэг үзүүлж, шуурхай арга хэмжээ авч байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

Өнөөдрийн байдлаар халдвар гарсан орноос ирсэн иргэдийг тусгаарласан. ХӨСҮТ-д 5, Дархан-Уул аймагт 3 иргэн тусгаарлагдаад байна. Өнөөдрийн Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн сэжигтэй хоёр иргэн халуурсан, ханиалгасан гэсэн шинж тэмдэгтэй байна. ХӨСҮТ-д тусгаарлан хянаж байна. Одоогоор биеийн байдал хэвийн" гэлээ.