Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр COVID-19 халдвартай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. ДЭМБ-аас коронавирусий цаp тахал хэмээн зарласныг дуулгалаа. 

Мөн өнөөдрөөс эхлэн эрсдэлтэй орноос ирсэн бүх хүнийг тусгаарлахаар болсон гэлээ.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа:

ДЭМБ-аас шинэ коронавирусийг албан ёсоор цар тахал хэмээн зарлалаа. Ингэснээр өмнө нь авч байсан арга хэмжээгээ өөрчлөхөөс бус өмнөхөөсөө илүү ихээр анхааралдаа авахыг сануулж байгаа хэрэг юм.

Халдвар хамгийн их тархсан БНХАУ, Солонгосын тохиолдол эрс буурч байна. Гэсэн хэдий ч гадаадаас ирсэн хүмүүсээс халдвар тархах аюулаас сэргийлж шинжилгээг чангатгажээ. Тухайлбал Бээжинд гэхэд 6 гадаадын иргэнийг шинжилгээнд хамруулахад коронавирус илэрчээ. Иймээс гаднаас ирсэн бүх зорчигчийг тусгаарлах арга хэмжээ авч байна. Өмнө нь зөвхөн халдварын шинж тэмдэгтэй, өндөр эрсдэлтэй орноос иргэнийг тусгаарлаж байсан аж.

 ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

Тусгаарлан ажиглах байранд 1248 хүнийг ажигласан. Өнөөдөр биеийн байдал хэвийн зарим хүнийг тусгаарлалтаас гаргана. Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоос гэр бүлийн 3 хүн орж ирсэн. Эдгээр хүмүүс хөл хорионы үеэр Өвөрмонгол айлд байсан юм билээ. Эдгээр хүмүүсийг тусгаарласан.

Тусгаарлагдсан хүмүүс элдэв гомдол гаргаагүй, эмчилгээ үйлчилгээг нь журмын дагуу хийсэн.

Мөн уламжлалт анагаах ухааны чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэд зөвлөгөө өгч байна. Мөн Олон Улсын мэргэжлийн нийгэмлэгтэй хамтран ажиллах санал тавьж, харилцан ярилцсан. Эдгээрээс ард иргэдэд өгөх зөвлөмждөө тусгаж байна.