Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая мэдээлснээр манай улсад өнөөдрийн 11 цагаас хойш нийт 426 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнээс коронавирус илэрчээ. Тэдгээр нь Сэлэнгэ аймагт бөгөөд бусдынх нь хариу сөрөг гарчээ.

Улмаар коронавирусийн дотоодоос илэрсэн халдварын тохиолдол нийт 122, Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 557 боллоо. Тэдний 337 нь эдгэрсэн.

Шинээр коронавирус илэрч байгаа хүмүүс нь өмнөх тохиолдлуудын гэр бүлийн болон ойрын хавьтлын хүмүүс байна. Иймд тэдэнтэй хавьтал болсон хүмүүс яаралтай холбогдох шаардлагатайг холбогдох албаныхан удаа дараа онцолж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Шинээр бүргэгдсэн тохиолдлууд нь өмнө нь бүртгэгдсэн хүмүүстэй хавьтал болсон, хоорондоо холбоотой тохиолдлууд байна. 

Тухайлбал, Улаанбаатарт нийт 33 тохиолдол бүртгэгдсэнээс 15 нь эхний батлагдсан тохиолдлын гэр бүл, ойрын хавьтлын хүмүүс. Үүнээс улбаатай караоке зэрэгт орсон хүмүүсээс үргэлжлэн халдвар бүртгэгдсэн нь тогтоогдож байна. Тухайн голомтоос 3 хүн караокед орсны улмаас хамт байсан нийт 6 хүн өвчилж, тэдгээр нь гэр бүлийнхэндээ халдварласан. Цаашлаад орон сууцны орцонд амьсгалын замаар тарсан. Үүнд нэг орцны 20 айлын 60 гаруй хүнд шинжилгээ хийхэд 6 айлынх нь хүнээс халдвар илэрсэн. Ингээд караокенаас улбаатай хоорондоо хэлхээ холбоотой 18 тохиолдол батлагдлаа.

Мөн төмөр замын дагуух төв суурин газруудад бүртгэгдэж буй тохиолдлууд нь хоорондоо хамааралтай. Олон хүнийг хамарсан тэмцээнийг 2 удаа зохион байгуулсан зэрэг олон асуудал, хавьтлыг үргэлжлүүлэн судлан тандаж байна. 

Дахин хэлэхэд өмнө нь зарласан хугацаанд караокед орсон, тоглолтууд үзсэн хүмүүс бүрэн гүйцэт холбогдож, шинжилгээ өгөхгүй байна. 

Иймд 11 дүгээр сарын 08-нд СТӨ-нд Эмоци продакшны тоглолт үзсэн, 11 дүгээр сарын 09-нд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн хөгжлийн төвийн хойд талын Говь гурван сайхан /GGS/ караокед байсан хүмүүс дээрх мэдээллээс нэгийг бодож, өөрийнхөө болон хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө Эрүүл мэндийн яамны 119 дугаарт холбогдон зөвлөгөө авах, шинжилгээ өгөх онцгой шаардлагатай байна" хэмээлээ.

Дээрх тоглолтыг үзсэн, караокед байсан, илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтал болсон байж болзошгүй иргэн та Эрүүл мэндийн байгууллагад хандахгүй хэр удна эрсдэл, халдварын голомтын хүрээг улам их болгоно. Иймд эрсдлээс өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалж, холбогдох байгууллагад эрт мэдэгдэнэ үү.

11 дүгээр сарын 08-нд Эмоци продакшны тоглолт үзэхдээ дараах суудлуудад суусан хүмүүс холбогдож, шинжилгээ өгнө.

Голын суудлын:

  • 10 дугаар эгнээний 29-32, 45-47
  • 11 дүгээр эгнээний 39-40, 
  • 12 дугаар эгнээний 25-26, 35-40, 48-48
  • 13 дугаар эгнээний 36-38, 43-46, 
  • 14 дүгээр эгнээний  30-34, 39, 41-46
  • 16 дугаар эгнээний 40 дүгээр суудалд суусан хүмүүс яаралтай холбогдож, шинжилгээ өгнө үү. Дараах зурагт тод хараар хүрээлсэн болно.