"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитын В, С вирусын ачаалал тодорхойлох шинжилгээ хийж байсан лабораториудын материал, арга зүйн зохистой байдал, шинжилгээний бодит хүртээмжийг судлах, үнэлгээ дүгнэлт ѳгѳх Ажлын хэсгийн дүгнэлт гарсанаас хойш даруй 7 сар гаруй хугацаа өнгөрчээ.

Дүгнэлтээр хепатитын В, С вирусын ачаалал тодорхойлох шинжилгээ хийж байсан 28 лабораториудаас 15 нь чанарын шаардлага хангаагүй нь тогтоогдсон байна.

Энэхүү үнэлгээний дүгнэлтэнд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын ерѳнхий газар эдгээр 15 лабораторийн гэрээг түдгэлзүүлж, улмаар Хаппи веритас, Ай Ти болон Итгэл лабораториудад 1.5 тэрбум гаруй тѳгрѳгийн торгууль, акт тавиад байгаа юм. Үүнийг ЭМДЕГ-аас хүлээн зөвшөөрч мэдээлэл өгсөн байдаг. 

Харин ЭМЯ-аас энэхүү мэдээллийг нуух сонирхолтой байгаа бололтой. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал "90 мянган хүний шинжилгээ худлаа гарсан гэдгийг Эрүүл мэндийн яам хүлээн зөвшөөрөхгүй. Судалгаа, шинжилгээний ажилд алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ 90 мянган хүний шинжилгээний хариу буруу гарсан гэсэн нь худлаа" хэмээн ярьж байна. 

Уг асуудлыг “Нууж дордуулах уу, илчилж эрүүлжүүлэх үү” нэртэй хэлэлцүүлгээр өнгөрсөн 11 дүгээр сард ярилцжээ. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хаалттай болсон уг уулзалтад лабораториудын болон ЭМЯ-ын төлөөлөл, ЭМДЕГ, УМХЕГ, АТГ оролцсон байдаг. Энэ үеэр шинжилгээний хариуг зөрүүтэй гаргасан 15 лаборатори ЭМДЕГ-тай байгуулсан гэрээгээ зөрчсөн, шинжилгээ хийхэд шаардлагатай бодисыг аваагүй зэрэг залилангийн гэмт хэргийн чанартай үйлдэл хийсэн байна.

Тухайлбал "Хаппи Веритас"  төв гэхэд ABI 7000 хэмээх зөвхөн судалгааны шинжилгээний зориулалтаар ашигладаг төхөөрөмжийг шинжилгээнд хэрэглэж байсан нь илэрчээ. Энэ болон бусад шалтгаанаас зөвхөн тус төв дээр гэхэд 22 мянган хүнийг шинжилгээг буруу хийсэн нь илрээд байгаа юм.

Бид эдгээр лабораторийн талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлэх болно.